Эммануэл Макрон Францад онц байдал тогтоолоо
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон улс орондоо эдийн засаг, нийгмийн онц байдал тогтоохоор шийдвэрлэжээ. Тус улсад “шар хантаазтануудын” гэх эсэргүүцэл намжилгүй хоёр сар болж байгаа билээ.
Эммануэл Макрон онц байдал тогтоосныхоо дараа үг хэлэхдээ, “Эсэргүүцлийн жагсаал, цуглааны явцад хүчирхийлэл газар авсантай эвлэрч хэрхэвч болохгүй. Замбараагүй байдал үүсгэж гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөх боломжгүй. Бид бүгд олон нийтийн бухимдлыг ашиглахыг оролдож, бүгд найрамдах улсыг ганхуулан анархи үүсгэхийг санаархсан зарим улстөрчдийн жинхэнэ нүүр царайг олж харлаа.
Францын олон иргэн жагсагчдын бухимдал, эсэргүүцлийг дэмжиж болно. Эсэргүүцлийн хөдөлгөөн дан ганц татвар нэмснээс бус, илүү өргөн цар хүрээтэй даяар шалтгаанаас үүдэлтэй. Гэвч бухимдах шалтгаан байвч цагдаа нар руу дайрах, худалдааны цэг, барилга байшин сүйтгэх явдлыг зөвтгөх аргагүй. Бид бүхний эрх чөлөө хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд оршдог болохоос биш бусдад тулгахыг хэлдэггүй билээ.
Миний бие Францыг ажил хөдөлмөр эрхлэн нэр төртэй сайхан амьдарч болох улс байлгахыг эрмэлздэг. Би Засгийн газар, парламентад хандан тийм боломжийг ирэх оны эхнээс эхлэн бүрдүүлэхэд боломжтой бүхнийг хийхийг хүсч байна. Юутай ч 2019 оноос цалингийн доод хэмжээг 100 еврогоор нэмэх болно” гэжээ.
Францын Ерөнхийлөгч түүнчлэн аж ахуйн нэгжүүд албан хаагчиддаа жилийн урамшуулал заавал олгож байх, мөн хоёр мянгаас доош цалинтай хүмүүсийн нийгмийн даатгалын татвар нэмснийг цуцлах санал дэвшүүлжээ.
Францад “шар хантаазтануудын” эсэргүүцэл хоёр сарын турш үргэлжилж байгаа бөгөөд жагсагчид эхэндээ бензин шатахууны үнэ нэмснийг эсэргүүцэж, улмаар нийгмийн байдлыг ерөнхийд нь шүүмжлэх болсон юм. Олон мянган хүн оролцсон жагсаал цуглааны үеэр цагдаа нартай мөргөлдөх, дээрэм тонуул хийх, машин шатаах, банк, дэлгүүрийн барилга байшин сүйтгэх хэрэг олноор гарах болжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш 4500 хүнийг баривчлаад байгаа аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ