“Шар хантаазатнууд” бууж өгөхгүй нь бололтой
Францад онц байдлын горим тогтоосон нь “шар хантаазатнуудын” эсэргүүцлийн ажиллагааг зогсоохгүй. “Бууж өгөөгүй Франц” намын удирдагч Жан-Люк Меланшон ийм бодолтой байгаагаа өөрийн Твиттер-т илэрхийлжээ.
“Мөнгө тараах нь ард түмний одоогийн хүчтэй дургүйцлийг намжаахад хангалттай биш юм. Ажилгүйчүүд, хагас дутуу ажилтай хүмүүс, тэтгэвэрийнхэн, төрийн албан хаагчид, оюутнуудад хамаарах зүйл Макроны мэдэгдэлд байсангүй. Ирэх бямба гарагт иргэний хувьсгалын тав дахь ажиллагаа ард түмний том дайчилгааны цаг болно” гэж тэр бичсэн байна.
Францын гол үйлдвэрчний эвлэлүүдийн нэг – Бүх нийтийн хөдөлмөрийн холбооны тэргүүн Филипп Мартинез мөн ийм мэдэгдэл хийжээ. “Ерөнхийлөгч юу ч ойлгосонгүй. Сүүлийн долоо хоногуудад улам хүчтэй илэрхийлэх болсон уур хилэнг ойлгохыг тэр хүсэхгүй байна. Тийнхүү үүд хаалга хаагдаж, бид ч хүчээ дайчлахыг “шар хантаазатнуудын” хамт уриалж байна” гэж түүний мэдэгдсэнийг хэвлэлд дурджээ.
Францын ерөнхихйлөгч Эммануэль Макрон арванхоёрдугаар сарын 10-нд тус оронд эдийн засаг, нийгмийн онц байдал зарласан юм. Тэр дэг журамтай байхыг эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдод уриалаад, 2019 оноос доод цалинг 100 еврогоор нэмнэ гэдгээ зарлажээ.
Францад эмх замбараагүй байдал арваннэгдүгээр сарын дундаас үргэлжилж байгаа юм. Бензиний татварыг нэмэх тухай мэдээ тус орны оршин суугчдын дургүйг ийнхүү хүргэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ