Жамаль Хашогги oдоогийн дэглэмийн эсрэг хөдөлгөөн байгуулахыг хүсч байжээ
Туркт алагдсан Саудын Аравийн сэтгүүлч Жамаль Хашогги тус орны эрх баригчдын эсрэг залуучуудын хөдөлгөөн байгуулахыг хүсч байсныг телевизийн CNN суваг мэдээлсэн байна. Сөрөг хүчний төлөөлөгч өөрийн энэ төлөвлөгөөг Канадын Монреаль хот дахь идэвхитэн Омар Абдель Азизтай WhatsApp мессенжерээр хэлэлцэж байжээ. Уг суваг Хашоггиас 400 гаруй мэдээ, түүний дотор дуут мэдээ, гэрэл зураг, дүрс бичлэг хүлээн авсан байна. Энэ бүгдийг сэтгүүлч амь үрэгдэхээсээ нэг жилийн өмнө явуулжээ.
Хашогги өөрийн мэдээнд Саудын Аравийн угсаа залгамжилсан хунтайжийг өлөн ховдог араатантай зүйрлэсэн байна. Хунтайж өөрийг нь дагагчдыг ч мөрдөн хавчиж эхлэж болох юм гэж сэтгүүлч бичиж байжээ.
Тийнхүү Абдель Азиз, Хашогги хоёр Саудын Аравийн дэглэмийн эсрэг залуучуудын онлайн- хөдөлгөөн байгуулахаар шийдсэн байна. Гэвч тэдний яриаг зам зуураас нь сэм сонсож болохыг тэд сүүлд ойлгожээ. “Биднийг бурхан ивээг” гэж Хашогги 2018 оны наймдугаар сард бичиж байсан байна.
Израилийн нэг компанийн боловсруулсан программын тусламжтайгаар Азизын гар утсыг ажиллагаагүй болгож, сүүлд нь тэр уг компанийн талаар гаргасан нэхэмжлэлд нэгджээ. Гар утсыг нь ийнхүү ажилгүй болгосон нь сүүлд Хашоггид тохиолдсон явдалд багагүй үүрэг гүйцэтгэсэн хэрэг. Азиз одоо болтол үүнд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна гэж РИА Новости агентлаг бичжээ.
“Вашингтон пост” сонины тоймч Жамаль Хашогги 2018 оны аравдугаар сарын 2-нд Стамбул дахь Саудын Аравийн ерөнхий консулын газрын байранд алагдсан юм. Түүний цогцосыг мөчлөж, шатаажээ. Түүний амь насыг хороох тушаалыг Саудын Аравийн угсаа залгамжилсан хунтайж өгсөн гэж америкийн ТТГ үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ