Керчийн хоолойд болсон хэрэг явдлаас үүдэн Д.Трамп В.Путинтэй хийх уулзалтаа цуцалж болзошгүй
Аргентины Буэнос-Айрест энэ сарын 30-нд эхлэх “G20” буюу дэлхийн тэргүүлэгч 20 орны дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар биечлэн уулзахаар тохироод байсан билээ. Гэвч Хар Тэнгисийн Керчийн хоолойд ОХУ-ын тал хүч хэрэглэн Украины гурван хөлөг онгоцыг саатуулснаас үүдэн Д.Трамп В.Путинтэй хийх уулзалтаа цуцалж болзошгүй хэмээн “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрээр, “Энэ хэрэг явдалтай холбоотойгоор би В.Путинтэй уулзахаас татгалзаж болно. Надад ОХУ-ын ийм түрэмгий байдал таалагдахгүй байна. Би ер нь ямар ч түрэмгийллийн хүсэхгүй” гэжээ. Д.Трамп түүнчлэн Керчийн хоолойд болсон хэрэг явдлын талаар АНУ-ын тусгай албадын гаргах дэлгэрэнгүй илтгэлийг хүлээж буйгаа тэмдэглэсэн байна.
Үүнээс өмнө АНУ-ын НҮБ дахь төлөөлөгч Никки Хейли, “ОХУ Украины хөлөг онгоцуудыг саатуулсан нь Москва, Вашингтоны харилцаанд муугаар нөлөөлөх нь дамжиггүй. Хар тэнгист болсон хэрэг явдалд АНУ холбоотнуудынхаа хамт ихэд сэтгэл зовниж байна. ОХУ ээлжит удаагаа нөхцөл байдлыг хурцатган олон улсын хууль дүрмийг ноцтойгоор зөрчин Украины тусгаар тогтнолд заналхийллээ” гэж мэдэгдсэн юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ