Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
1072 хувьцаатай холбоотой зарим асуудал иргэдэд одоо ч эргэлзээтэй, асуулттай хэвээр байна. Тиймээс Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай уулзаж, тэрхүү ойлгомжгүй, тодорхой бус асуудлын талаар ярилцаж мэдээлэл авлаа.
-1072 хувьцаанаасаа өмнө нь тодорхой тооны хувьцаагаа төрд зарсан цөөнгүй хүмүүс бий. Гэхдээ нийт 300 мянган төгрөг авах байсан зарим хүмүүс 200 мянган төгрөг л авсан байдаг. Тэдгээр хүмүүс одоо хувьцаагаа шалгахаар аваагүй 100 мянган төгрөгийн хувьцаа нь хасагдсан байна гэсэн гомдол цөөнгүй гарч байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьцааг нөхөж дансанд нь хийх үү, эсвэл 100 мянган төгрөгөө нөхөж авах уу. Энэ асуудалд ямар зохицуулалт хийх вэ?
-Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаанаасаа “Сайн хувьцаа хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газарт худалдсан бол авсан мөнгөн дүнгээр л хувьцаанаас хасагдана. Өөрөөр хэлбэл иргэн та Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаатай үлдэнэ, 200284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаатай үлдэнэ, 100142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаатай үлдэнэ. Мөнгө дутуу орсон гэх, мөнгө аваагүй байхад хувьцаа хасагдсан гэх гомдол гаргаж байгаа иргэд эхний ээлжинд тухайн үед хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан банкнаасаа 2016 оны 6, 7, 8 дугаар сарын дансны хуулгыг авч харах хэрэгтэй. Хэрвээ тухайн үеийн банк, дансаа мэдэхгүй байвал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд очин мэдээлэл авах шаардлагатай. Тус байгууллагаас танд хэдэн сарын хэдэнд, хэдэн төгрөг, ямар дансаар авсан талаар мэдээллийг өгнө.
-Үүнтэй холбоотой бас нэг сонин тохиолдол гарсан байдаг. Тухайлбал, данс огт нээлгээгүй хүний өөрийн ашигладаг дансанд 200 мянган төгрөг орсон бөгөөд одоо энэ хүнд 750 хувьцаа үлдсэн гэж байна. Яагаад данс нээлгээгүй байхад мөнгө орж ирэв?
-Тухайн үед буюу 2016 онд “Сайн хувьцаа хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдээс хувьцааг нь худалдан авахдаа арилжааны банктай хамтран гүйлгээг хийсэн байдаг. Ингэснээр иргэд хувьцааны дансгүй байсан ч арилжааны банкинд хүсэлт гаргаснаар хувьцаагаа худалдаж мөнгө авсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн үед Засгийн газрын шийдвэрийг иргэд сайн ойлголгүйгээр, хувьцаагаа зарж буйгаа ч мэдэлгүй банкинд хүсэлт гарган мөнгө авсан юм.
-Гэтэл бас огт данс нээлгээгүй, хувьцаа зараагүй, мөнгө ч орж ирээгүй байтал 108 ширхэг хувьцаа нь хасагдсан гэнэ. Хувьцааны эрхээ шалгахаар данс нээлгэсэн гэж гарч иржээ. Харин тухайн иргэн өөрөө хэлэхдээ огт данс нээлгээгүй гэж байгаа юм. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Тухайн иргэн арилжааны банкинд хүсэлт гаргасан учраас 100142 төгрөг дансанд нь орсон тиймээс 108 ширхэг хувьцаа нь хасагдаж 964 ширхэг хувьцаатай үлдсэн. Тэгэхээр ийм асуудалтай иргэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандах хэрэгтэй, дансаа шалгуулах хэрэгтэй.
-5000 төгрөгөөр данс нээлгэж байгааг хүмүүс мэднэ. Гэхдээ энэ 5000 төгрөгийг ямар зориулалтаар авдаг, энэ мөнгө хаашаа ордог вэ гэдгийг хүмүүс их сонирхдог юм билээ?
-Энэхүү мөнгөн хураамж нь манай компанид хамааралгүй бөгөөд брокерийн компани, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагуудын үйлчилгээний хураамж юм. Тус мөнгөний задаргаа, зарлагын талаар дээрх 2 байгууллагуудаас лавласан нь дээр болов уу.
-1072 хувьцаа амилах цаг ойртлоо гэх тусам магадгүй хувьцааны данс нээнэ гэсэн залилан мэхлэгчдийн үйлдэл эрчимжиж мэдэх юм. Тэгэхээр иргэд үүнээс яаж сэрэмжлэх боломжтой вэ?
-Хувьцааны данс нээх эрхтэй брокерийн компаниудын жагсаалтыг http://mse.mn/mn/brokers/78 хаягаар үзэж болно. Эндээс брокерын компаниудын талаар мэдээлэл авч, өөрийн сонирхсон компаниа судлаж, сонгон үйлчлүүлж болно.
-Цахим орчинд 1072 хувьцаа авна, зарна гэсэн группүүд ажиллаж байна. Түүнд хандаж хувьцаагаа заръя гэсэн иргэд ч олон байх юм. Иргэд хоорондоо өгөлцөж, авалцаж болохгүй биз дээ?
-1072 хувьцааг арилжих боломжгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Магадгүй эдгээр групүүд цахим орчинд хандалтаа нэмэх зорилгоор ийм аргыг хэрэглэж байж болох юм.
-Нэг зүйлийг сонирхож асууя. 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн бүх хүмүүс азтайд тооцогдож байгаа. Тэгвэл заасан хугацаанаас хойш төрсөн хүүхдүүд ойрын хугацаанд азтануудын эгнээнд орох боломж байгаа болов уу?
-Энэ бол бидний шийдэх асуудал биш, Засгийн газрын хэмжээнд яригдаж, шийдвэрлэх асуудал учраас хэлж мэдэхгүй юм.
-Мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.
эх сурвалж:undesten.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ