“Нүүдэл-999” шатрын тэмцээн эхэллээ

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилготой “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

 

Энэ тэмцээнийг НЗДТГ, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 7-8 , 9-10, 11-12, 13-14, 15-16 болон насанд хүрэгчдийн “А” зэрэглэлд 2100-аас дээш чансаатай, “В” зэрэглэлд 1700-2099 чансаатай, “С” зэрэглэлд  0-1699 хүртэлх гэсэн найман ангиллаар болж байна. 40 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээний “А” ангилалд түрүүлсэн шатарчин хоёр сая төгрөг гардах бол мөнгө, хүрэл медалийг 1.0-1.5 сая төгрөг дагалдах аж. Шатрын спортод эхний таван байрыг шагнадаг уламжлалтай бөгөөд дөрөв, тавдугаар байрын эзэд 500 мянган төгрөг авна. Харин “В” болон “С” зэрэглэлд түрүүлбэл 1.5 сая төгрөгийн шагнал гардах бол насны ангилал тус бүрдээ түрүүлсэн хүүхдүүдийг 300 мянган төгрөгөөр байлах ажээ.

 

Тэмцээнийг нээж хотын дарга Х.Нямбаатар үг хэлэхдээ “Өнөөдөр монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байна. Дэлхийн түвшинд өрсөлдөж чаддагаа харуулах бас нэгэн үйл ажиллагаа бол 999 шатарчны тэмцээн юм. Шатрын спорт монголчуудад эртнээс өвлөгдсөн ирсэн уламжлалтай. Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд ихээхэн тустай. Хүн бүр шатрын спортоор сонирхон хичээллэж, оюуны цар хүрээгээ тэлцгээе. Улаанбаатар хотын зүгээс тавдугаар сарын эхээр унадаг дугуйн парад зохион байгуулна. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 24-нд болно. Мөн зургаадугаар сарын 27, 28-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын иргэдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Бид энэхүү үйл ажиллагаануудаа илүү сайжруулж, чанаржуулж зохион байгуулах болно” гэв.

 

 

Харин ЕТГ-ын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Энэ өдрүүдэд манай нийслэлд Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна. Тэнд долоон настай балчираас 70 настай ахмад хүртэл эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа. Харин нийслэлийн төв талбайд 999 хүнийг хамруулсан нээлттэй тэмцээн болж байна. Шатар бол нүүдэлчидтэй, Монголын соёл иргэншилтэй салшгүй холбоотой. Тиймээс шатраар өргөн олноороо хичээллэхийг уриалъя. Хиймэл оюун ухаан, технологи хөгжсөн энэ цаг үед шатрын спортын нэр хүнд улам дэлгэрч байна. Та бүхний нүүдэл мэргэн, шийдэл хурц байх болтугай. Уран тоглолтоор дүүрэн тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.

 

 

“Нүүдэл-999” анхдугаар тэмцээнд 1000 гаруй шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд “А” ангилалд их мастер Т.Мөнхзул, Г.Мөнхгал, Б.Хатанбаатар, ФИДЕ мастер М.Гүнбаяр тэргүүтэй 20 гаруй шатарчин өрсөлдөж байна. Тус ангилалд өрсөлдөх шатарчид есөн өрөг тоглож аваргаа тодруулах юм. Харин “В” ангилалд олон улсын мастер У.Лхамсүрэн, гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер Ц.Жигжидсүрэн, гавьяат дасгалжуулагч, ФИДЕ мастер Ж.Лхагва тэргүүтэй 104 гаруй шатарчин 13 өрөг тоглож аваргаа тодруулна. Түүнчлэн “С” болон хүүхдийн насанд өрсөлдөж буй шатарчид 13 өрөг тоглох юм. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ