С.Чинзориг: Энэ онд цалин нэмж, ирэх оны төсвөөс өмнө цалингийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгохоор ажиллаж байна
Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 2014 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарч. Үүнийг дагаад ажилгүй өрх, иргэдийн тоо нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа аж. Иймд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэн тэргүүний чиглэл болж байгаа талаар өчигдөр С.Чинзориг сайд мэдээллээ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор зургаан хөтөлбөрийг батлан улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа гэдгийг салбар яамнаас мэдэгдэв. Тус мэдээллийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газар болон салбар яамнаас ойрын хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Юуны өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор манай яам шийдвэр гаргаж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жилийн 8.4 хувийн хүүтэй жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан иргэдэд олгодог. Гэхдээ зарим сум, орон нутагт арилжааны банкуудын салбар байхгүйгээс тухайн нутгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн үйлчилгээг жигд хүртээж чадахгүй байна гэж бид үзсэн. Тиймээс ирэх наймдугаар сараас эхлээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлийн эх үүсвэрийг сум, орон нутагт салбартай арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон.
-Хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгож буй зээлийн үр дүн ямар байгаа вэ. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Тус сангаас иргэн, аж ахуйн байгууллагад тогтмол жижиг зээл олгож байгаа. Жижиг зээл учир эргэн төлөлт 99.5 хувьтай байна гэсэн тооцоо гарсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуйн нэгжид 20 хүртэлх, иргэнд 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг олгож байна.
-Ажилгүйдлийг бууруулах нь энэ Засгийн газрын тэргүүний чиглэл гэж та хэлсэн. Салбар яамнаас тус асуудалтай холбоотойгоор хэд хэдэн хөтөлбөрүүдийг батлаад хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ажилгүй иргэдийг Хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжуулан 100 хувь ажлын байртай болгох асуудал хүндрэлтэй байгаа. Тэр дундаа сумын түвшинд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил бага байна. Нөгөөтэйгүүр суманд бизнес эрхлэгчдийн таатай орчин, түүнийг дагаад ажлын байрны хүртээмж тааруу. Тиймээс хувь хүний өөрт нь байгаа ур чадвар дээр түшиглэж ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ хүрээнд бид хоёр ч хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлнэ. Харин нэг хөтөлбөрийн хамрах хүрээг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Юуны өмнө Их, Дээд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа залуучуудын ур чадварт түшиглэсэн ажлын байрыг бий болгоход нь дөхөм болох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөр нь дээрх залуучуудад хоёр жилийн хугацаатай гурав хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг. Үүнийг залуучуудын санал, хүсэлтийг үндэслэн санхүүжилтийн дэмжлэгийг таван сая төгрөг хүртэл олгохоор боллоо. Мөн уг төслийн хугацаа хоёр жил байсныг гурван жил болгосон. Энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа малчдын насыг 35 гэж заасан байсан. Үүнийг 45 нас хүртэлх иргэд гэж өөрчилсөн байгаа.
-Манай улсын нийт ажиллагсдын 45 хувь нь хувиараа аж ахуй эрхлэгчид, малчид эзэлж байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс хөдөө аж ахуйг түшиглэсэн ажлын байр бий болгох зайлшгүй шаардлага бий гэж мэргэжлийнхэн ярьдаг. Энэ талаар танай яам ямар бодлого барьж ажиллаж байна?
-Энэ асуудал яах аргагүй чухал юм. Ажилгүйдлийг бууруулах бас нэгэн арга зам. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Гэрээт малчин – Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд гэр бүлээрээ төв суурин газарт ажиллаж, амьдарч байгаа залуучуудыг хөдөө гарч мал маллах, гэрээт малчин болгоход нь зуучилна. Гэхдээ зөвхөн гэр бүл болсон залуучууд тус хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Нөгөөтэйгүүр төв суурин газраас хөдөө очин малчнаар ажиллах гэж байгаа гэр бүлийг нүүлгэх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байхаар уг хөтөлбөрт тусгасан. Хоёрдугаарт, ажлын байр олгох гэж буй малчинтай тухайн гэр бүл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах юм бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь бүрэн төлж өгнө. Мөн нийгмийн даатгал төлбөл тус сангаас тал хувийг нь гаргаж байхаар зохицуулагдсан. Уг хөтөлбөр энэ жил туршилтын журмаар хэрэгжинэ. Үр дүн нь сайн гарвал ирэх жилд бүх аймгийг хамруулан ажиллуулах болно. Үүнтэй холбоотойгоор гэрээт малчнаар ажиллах гэр бүлийн судалгааг ирэх наймдугаар сараас эхлэн авна.
-Энэхүү хөтөлбөрийн цаана төвлөрлийг сааруулах бодлого давхар явж байна уу?
-Мэдээж хэрэг төв суурин газраас гэр бүл залуучууд маань хөдөө орон нутагт очин, тэнд ажиллаж амьдрах учраас төвлөрөл тодорхой хэмжээгээр буурна гэж үзсэн. Төвлөрөл буурснаар агаарын бохирдол, бусад асуудлууд дагаад багасна л гэж харж байгаа. Нэг талаараа төвлөрлийг сааруулж байна. Нөгөө талаараа ажилгүй иргэд ажилтай болж, өрх гэр бүл байнгын тогтвортой орлоготой болж байгаа юм.
-Сүүлийн үед хөдөө орон нутагт, тэр дундаа суманд ажлын байр бий болгох асуудал их яригдаж байгаа. Гэвч бизнесээ эхлүүлье гэхээр хөрөнгө мөнгө дээрээ очоод гацчихдаг. Үүнийг салбар яамнаас хэрхэн анхаарч байгаа вэ?
-Сумын түвшинд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил бага байна. Бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа зүйл цөөхөн байна. Бизнесийн орчин сайжраад түүнийгээ дагаад ажлын байрны хүртээмж нэмэгдэж байгаа үзүүлэлт ч бага байна. Тиймээс орон нутагт ажилгүй байгаа залуучууд, иргэдийн өөрсдийнх нь ур чадварт түшиглэсэн ажлын байрыг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ хүрээнд бид “Зохион байгуулалттай ажлын байр бий болгох” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Орон нутагт ажилгүй байгаа залуучууд өөрсдөө нэгдэн нөхөрлөл, хоршоолол байгуулахыг бид дэмжинэ. Улмаар ажлын байр бий болгох тодорхой хэмжээний шаардлагатай зардал, хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно. Ингээд нөхөрлөл, хоршоолол байгуулсан залуучууд орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой.
-ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтаар цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар тухайлан ярилцана гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?
-ОУВС-гийнхан манай улсад ирээд хоёр хонолоо. Уржигдар Сангийн сайдтай уулзсан байна лээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ирсэн ОУВС-гийнхантай Засгийн газар хэлэлцээр хийж энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчийн цалинг имфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэдэг тохиролцоонд хүрсэн. Эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэх асуудлыг маш их тавьж байгаа. Бидний хувьд энэ удаагийн ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөлтэй 2019 онд Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээр хийнэ. Мөн энэ ондоо багтаагаад Төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар хэрхэн нэмэгдүүлэх үү гэдгийг уг хэлэлцээрийн үеэр ярина. Төрийн албан хаагчдын цалинг цаашид хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэхээс илүү ажлын байрны ачаалал, ур чадвар, үр дүнгээсээ хамаарч цалин авдаг байх тогтолцоо руу оръё гэсэн салбар яамны бодлого бий. Эрүүл мэнд болоод Боловсролын яамтай хамтарч ажлын байрны үнэлгээг хийж дуусаж байгаа. Үүнээс сонирхуулахад эрүүл мэндийн салбарт бол сувилагч нар хамгийн их ачаалалтай ажилладаг нь тодорхой болсон. Харин боловсролын салбарт бага ангийн багш нар илүү ачаалалтай ажилладаг гэж гарсан байгаа. Эцэг, эхчүүд зургаан настай балчир хүүхдүүдээ өглөө багшийнх нь гарт атгуулчихаад ажилдаа явдаг. Ингээд өдөржингөө гуч орчим балчир хүүхдүүдийн дунд ганц хүн эрдэм ном зааж, хүмүүжүүлнэ гэдэг хэцүү. Үнэхээр хувь хүнээс ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан мэргэжил юм. Тиймээс дээрх хоёрын салбарын жишээгээр ажлын байрны ачаалал өндөр Төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг ярих болно. Энэ удаа ОУВС-гийнхантай тодорхой шийдвэрт хүрэх болно гэж найдаж байна.
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хүргүүлж байгаа. Үүнд танай яам ямар бодлого баримтлан ажиллаж байна?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Гурван талд үндэсний хорооноос хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Удахгүй уг ажлын хэсэг хуралдаад тооцоогоо нийлэх байх. Манай яамны хувьд ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 мянган төгрөг болгох саналтай байгаа. Харин Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 350 гаруй мянган төгрөг болгох саналтай байгаа юм билээ. Ингээд хоёр талаасаа ярьж байгаад санал нийлэх байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч үзэх хэд хэдэн хүчин зүйл бий. Тэр бүгдийг анхаарч, тооцож байгаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ. Үндсэндээ энэ оны дөрөвдүгээр улиралд цалин нэмж, ирэх оны төсвөөс өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 мянган төгрөг болгохоор тооцоолон ажиллаж байгаа.
-Хүүхдийн мөнгөний олголт хэрхэн явагдаж байна. Зарим дундаж түвшний айлын хүүхдэд хүүхдийн мөнгө олгогдохгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар тайлбар өгвөл?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгогдож байгаа. Хүүхдийн мөнгийг цаашид хүсэлт гаргасан айлын хүүхдэд олгох, энэ чигийн судалгаа тооцооллыг хий гэж УИХ-аас үүрэг өгсөн. Энэ дагуу Сангийн яамтай хамтарч судалгааны ажлыг хийж байна. Олгогдохгүй гэсэн асуудал гарч ирээгүй. 80 хувьдаа багтаж байна уу үгүй юу л гэдэг асуудал байгаа. Юутай ч 80 хувьд хүүхдийн мөнгө бүрэн олгогдсон.
Эх сурвалж: Dnn.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ