Зэсийн зах зээлд 50 мянган тонны
Зэсийн нийлүүлэлт эрэлтээ давж, илүүдэл нь 50 мянган тоннд хүрснийг Дэлхийн зэсийн судалгааны групп буюу ICGS мэдээллээ. Энэ оны эхний дөрвөн сард олон улсын зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсчээ. Уг түүхий эдийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чилийн гарц энэ хугацаанд 15 хувиар өссөн байна.
Тус улсад байрладаг, дэлхийн зэсийн хамгийн том уурхай болох Эскондидагийн үйлдвэрлэл саарсан ч, Коделко уурхайнх нэмэгдсэн нь Чилийн гарцыг өсгөсөн байна. Ер нь үйлдвэрлэл нь илүү өсөх дохио Чилиэс хангинаж эхэлсэн. Учир нь багагүй хугацаанд Чилийн ч, дэлхийн ч зэсийн нийлүүлэлтийг чангааж, ханшийг өдөөж байсан Эскондида уурхайн ажилчид, хөрөнгө оруулагчдын маргаан тохиролцоонд хүрэх дөхчихөөд байгаа юм. Хоёр талын тохиролцох хугацаа өчигдөр буюу энэ сарын 24-нөөр эцэслэж байгаа. Тэгвэл уурхайн Үйлдвэрчний эвлэлээс тохиролцоонд хүрэх найдвар бий хэмээн өчигдөр Reuters-д мэдээлжээ.
Хэдийгээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч Эскондида уурхайн ажил хаялт зогсвол Чилийн зэсийн гарц цаашид ч чангарах төлөвтэй байна. Дэлхийн зэсийн тэргүүлэх уурхай ийн хэвийн ажиллах нөхцөл нь бүрдэж буй бол нөөц болон үйлдвэрлэлээр хоёрдугаарт бичигддэг Индонезийн Грасбергийн уурхайн үйл ажиллагаа хэдийнэ хэвийн болсон. Экспортын хязгаарлалттай нүүр тулсан Грасберг уурхайн олборлолт эргэн сэргэснээр Индонезийн гарц 2017 оныхоос даруй 50 хувиар нэмэгдсэнийг ICGS онцолжээ.
Чили, Индонез зэрэг зах зээлийн гол тоглогчдоос гадна Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Замби улсын гарц 11-16 хувиар нэмэгдэж байгаа нь нийт нийлүүлэлтийг өөд нь татаж буй.
Ийнхүү худалдааны болон ажиллах хүчний сорилттой нүүр тулаад байсан зэсийн нийлүүлэлт эргэн сэргэж байна. Зах зээлийн хуулиар нийлүүлэлт нэмэгдэх ханш буурах дохио болдог. Гэтэл сүүлийн сар гаруйн хугацаанд зэсийн ханш АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчлийн сүүдэрт дарагдаж, нэг жилийн доод цэгтээ шигдчихсэн байдаг. Зэсийн үнэ ийм дорой байгаа үед нийлүүлэлт илүүдэж буй нь ханшийг унагана уу гэхээс өсгөхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ