ОУВС-ийн үнэлгээний баг ажиллаж эхэллээ
Монголд Олон улсын валютын сангийн төлөөлөгчид ирээд байна. Өнөөдөр тус сангийн Үнэлгээний багийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулзан, эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Олон улсын валютын сангийн үнэлгээний багийнхан өнөөдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Монгол Улсад ажиллаж, "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тавдугаар шатны үнэлгээг хийх юм. Энэ удаагийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл яригдана гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн билээ.
2018 оны тавдугаар сарын 2-ноос 17-ны өдрүүдэд Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж, дээрх хөтөлбөрийн дөрөв дэх шатны үнэлгээ буюу хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийсэн.
Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж н.Готтлийб “Хөтөлбөрийн хүрээнд макро-эдийн засгийн гүйцэтгэл эерэг гарч бүх зорилтот тоон үзүүлэлтүүд биелсэн. Төсвийн үр дүн 2018 оны эхний улиралд төсөөлж байснаас илүү сайжирч, орлого 21 хувиар өссөн. Дээрх хугацаанд гадаад валютын цэвэр албан нөөц 200 сая ам.доллароор нэмэгджээ.
“Эрх баригчид 2018 оны төсвийн бодлогын хөтөлбөртөө төсвийн хязгаарлалт болон татварын удирдлагыг бэхжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн, эрх баригчид төсвийн санхүүгийн удирдлага, ялангуяа концесс, төсвийн хөрөнгө оруулалттай төслүүд, Монголын Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулах тал дээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байна.
Санхүүгийн салбарын хувьд эрх баригчид саяхан хийгдэж дууссан Активын чанарын үнэлгээний дагуу хийгдэж буй арга хэмжээний нэг хэсэг болох банкны системийг бэхжүүлэх ажлуудаа үргэлжлүүлж байна. Өөрийн хөрөнгийн шаардлагаа хангаагүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл түүнийг хангах хугацаа байна. Зохистой нөхцөл бүрдсэн үед банкуудыг тогтворжуулахад төсвийн сангуудыг ашиглаж болох талаарх хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлттэй байна. Эрх баригчид чанаргүй зээлийн асуудлыг илүү хурдан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийг хийж, банкуудын балансыг сайжруулахаар мөн ажиллаж байна.
Эрх баригчид инфляцид сэрэмжтэй байж, төлбөрийн тэнцлийг цаашид улам бэхжүүлэх мөнгөний бодлогын байр сууриа хадгалах үүрэг хүлээсэн. Эдийн засгийг гадаад цочролоос хамгаалахад тус нэмэр болох нөөцийн бүрдүүлэлтэд гарч байгаа ахиц дэвшлийг үргэлжлүүлэх нь туйлын чухал юм. Макро эдийн засгийн эрүүл бодлогыг банкны системийн бүтцийн шинэчлэлтэй хослуулах нь хүүгийн хувийг аажмаар буулгахад нэмэр болно.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажих учиртай. “Ажлын хэсгийг Монгол Улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье” гэж мэдэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ