“Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга” уулзалт боллоо

        Гүрж Улсын Тбилиси хотноо 2018 оны долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга” уулзалт болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн удирдах зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцлоо.
Чуулга уулзалтыг нээж Олон Улсын НЗТ-ийн гүйцэтгэх захирал ноён Санжай Прадхан үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ Монгол Улсын сайн туршлагыг онцолж “100 орон иргэдийн оролцоог дэмжиж байна. Тиймээс, иргэдийн дуу хоолой, иргэдийн оролцоо нь төрийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулж төр, иргэдэд харилцан ашигтай сайн туршлагуудыг бие биенээсээ суралцах, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлж урам хайрлах нь чухал юм. Жишээ нь: Монголын нэгэн хөдөө суурин газарт Иргэний оролцоот төсвийн тусламжтайгаар төсвийн зардлаа 10хувиар бууруулжээ” гэсэн юм.
Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дараах уулзалт, хэлэлцээрийг хийв.
Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Гүйцэтгэх захирал ноён Эдди Ричтэй уулзаж Олборлох салбарын ил тод байдал, ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан амжилтууд болон ашиг хүртэгч эздийг ил тод болгох “Замын Зураг 2020” төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол Улсын ОҮИТБ-ын ажлын албаны үйл ажиллагааг цаашид санхүүжүүлэх талаар хүсэлт тавьсны дагуу ноён Эдди Рич боломжит санхүүжилтийн талаар судлан хариу өгөхөөр тохиров.
        Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Монгол Улсын Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Нарийн бичгийн дарга Л.Энх-Амгалангийн хамт ОҮИТБ – Бенефицарь өмчлөгч төв ази, кавказын бүсийн уулзалтад оролцож жинхэнэ ашиг хүртэгчдийг ил тод болгох талаар Засгийн газар идэвхитэй ажиллаж байгаа, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, түүнчлэн шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа тухай мэдээллэв.
Гүрж Улсын ерөнхий сайд асан Ника Гилауритай, Эстон Улсын төрийн захиргааны сайд Жанек Магги нартай уулзаж, тус улсуудын цахим засаглалын тэргүүн туршлагуудтай танилцаж төрийн үйл ажиллагаанд шинэлэг технлогийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмж, төрийн ил тод шударга байдлыг нэмэгдүүлэх, авилгыг устгах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.Мөн Монгол Улсын сайд Г.Занданшатар 10 cард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зөвлөлдөх Ардчилалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож тэргүүн туршлагаа хуваалцахыг хүсч байгаагаа илэрхийлж, түүний урилгыг Ника Гилаури баяртайгаар талархан хүлээн авч хуралд оролцохоор тохиров.
“Ази-Номхон далайн бүс нутагт төрийн үйлчилгээг шинэчлэх нь- чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шинэлэг санаачилгууд” панел хэлэлцүүлэгт оролцлоо. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх санаачилга, Төрийн албан хаагчийн хариуцлага, төрийн цахим шинэтгэлийн талаар гаргасан амжилт, авч хэрэгжүүлж буй алхамуудын талаар болон төр, иргэний нийгмийн идэвхитэй түншлэл, хамтын оролцооны талаар ярилцлаа.
Нээлттэй Засгийн түншлэлийн дэд захирал ноён Паул Массентай 2 талт уулзалтад оролцож, Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-ний төслийг танилцуулав. Ноён Паул Массен Монгол Улс НЗТ-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлан оролцодгыг сайшаав. Мөн, Ирэх 11 дүгээр сард Бүгд Найрамлах Солонгос Улсад зохион байгуулагдах Азийн бүсийн манлайлагч нарын уулзалт, 2019 оны хавар Канад Улсад зохион байгуулагдах VI дугаар дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Филлипин Улсын Засгийн газрын Төсөв, бодлого төлөвлөлтийн сайд ноён Бенжамин Диокнотой2 талт уулзалтад оролцож ирэх саруудад харилцан туршлага судлах аялал зохион байгуулахаар тохиролцов.
Чуулга уулзалтанд 70 гаруй гишүүн орнуудыг төлөөлөн Засгийн газрын тэргүүн, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож, иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо.
        “Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын олон талт байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс орнууд санаачлан 2011 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элссэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ