“Манжуурын толгод” вальсыг хэрхэн зохиосон бэ?
Анхны хувилбараараа вальс “Манжуурын толгод дахь Мокшаны хороо” гэсэн өөр нэртэй байжээ. Мокшаны гэх нэртэй бэлтгэл батальон бүр ХIХ зууны сүүлчээр Пенза мужид байгуулагдсан байна. Тэр үед Мошкан нь Пенза хотоос холгүй оршдог жижигхэн хот байжээ. Эндхийн батальон үлээвэр найрал хөгжмөөрөө алдартай байсан байна.
1901 онд Мошканы батальоныг Уралын Златоуст хот руу шилжүүлжээ. Польшийн хөгжмийн дээд сургууль төгссөн бага дэслэгч Илья Шатров удалгүй найрал хөгжмийг удирдах болсон байна. Найрал хөгжмийн тоглолт хотынхны хувьд жинхэнэ баяр болдог байжээ. Орос-японы дайны жилүүдэд батальоныг өөрчлөн байгуулж, Мокшаны явган цэргийн 214 дүгээр хороо гэсэн нэртэй болсон байна.
1904 оны зунтус хороог Манжуур руу явуулсан бөгөөд үдэх арга хэмжээнд эзэн хаан хоёрдугаар Николай ч оролцжээ. 1905 оны хоёрдугаар сард Мокшаны хороо Мүгдэний тулалдааны үеэр дайсанд бүслэгдсэн байна. Тулалдааны эгзэгтэй мөчид удирдаач Шатров хөгжимчдийг нуувчны арын талбайд гаргажээ. Байлдааны марш цэргүүдийн урам зоригийг сэргээж, бүслэлтийг ч сэтлэсэн байна. Хороо их хохирол хүлээж, захирагч хурандаа Побыванец амь үрэгджээ.
Шатровын хөгжимчдөөс ч амь насаа алдсан байна. Гавьяа байгуулсан долоон хөгжимчнийг цэрэг эрийн дээд шагнал – Георгийн загалмай медалиар шагнуулж, харин Илья Шатровыг сэлэм бүхий Станиславын 3 дугаар зэргийн одонгоор шагнуулахаар тодорхойлсон байна.
Дайн дууссаны дараа Илья Шатровамь үрэгдсэн нөхдийнхөө дургалд зориулан вальс бичихээр шийджээ. Хороо шилжиж ирсэн Самар хотод 1906 онд хэвлэлийн газрын эзэн, хөгжмийн зохиолч О.Кнаубтай танилцаж, тэр шинэ вальсыг хэвлэж өгөхийг зөвшөөрсөн байна. Удалгүй энэ бүтээл Орост маш их дэлгэрч, Кнауб “Манжуурын толгод” болон Илья Шатровын бусад бүтээлийг хэвлэх эрхийг дангаараа авчээ. Тэр огт хохирол амсаагүй бөгөөд гурван жилийн хугацаанд “Манжуурын толгод дахь Мокшаны хороо” вальсын нотыг 82 удаа олон хувиар хэвлэсэн байна.
1911 оноос вальсын нэрийг товчилж, зүгээр л “Манжуурын толгод” гэдэг нэртэй болгожээ. Дашрамд дурдахад, 1911 онд Орост зохиогчийн эрхийн тухай хууль батлагдаж, Илья Шатров “Сирена Рекорд” пүүсээс худалдагдсан пянз бүрээс 15 копейк авч эхлэсэн байна. Олон яруу найрагч энэ вальсад зориулан үг бичжээ. Үгийн хэд хэдэн хувилбар байсан бөгөөд харин Степан Петровын бичсэн үг хамгийн сайн нь болсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд, ялангуяа Алс Дорнодод Улаан арми Японы эсрэг ширүүн тулалдаан хийж байсан 1945 оны зун вальс Зөвлөлт Холбоот Улсаддахин их дэлгэрчээ.Тэгэхэд Манжуурт байлдаан болж байсан юм. Харин хөгжмийн зохиолч Илья Шатров хувьсгалын дараа Улаан армид оржээ.
Павлоградын морьт хорооны хөгжмийн удирдаачаар олон жил ажиллаж, дараа нь Тамбовын морин цэргийн сургуулийн найрал хөгжмийг удирдаж байжээ. Алдарт вальсыг зохиогч 1952 онд энэ хотод өөд болж, түүнийг Воздвиженскийн оршуулгын газарт нутаглуулсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ