Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гурван гишүүнийг томилов
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдэд Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай 27,3 дугаар зүлийн 1 дэх хэсгийг нэмж оруулсан аж. Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эдийн засгийн Байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан аж.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нэр дэвшигчдийг сонгохдоо Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байна гэж байлаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай гэсэн шалгууруудыг тус тус хангажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, хариулт авсанызэрэгцээ орон тооны бус гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ингээд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Ц.Батсүх, эдийн засгийн магистр Ц.Мөнхбаяр нь нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ