"МЦХ" ХК-ийн 94,67 хувийг Засгийн газар эзэмшинэ

"Монголын цахилгаан холбоо" компанийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж байна. Энэ удаагийн хурал нь 23 жилийн дараа Монгол Улс болон Засгийн газар нь стратегийн ач холбогдол бүхий харилцаа холбооны салбарын ууган компанийн 40 хувийг БНСУ-ын "Корей телеком" корпорациас эгүүлэн авч нийт хувьцааны 94,67 хувийг МУ-ын Засгийн газар эзэмшиж эхэлснээрээ онцлогтой юм.

Манай Засгийн газар болон БНСУ-ын "Корей телеком" ХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "МЦХ" ХК-ийн нийт хувьцааны 40 хувийг Засгийн газарт худалдах багцын үйл ажиллагаа буюу арилжаа энэ сарын 18-нд явагдсан аж.

Ингэснээр нийт хувьцааныхаа 94,67 хувийг хувь буюу 24 сая 491 мянга 715 ширхэг хувьцааг Монгол Улсын Засгийн газар 5,33 хувийг хуулийн этгээд, иргэд эзэмших болжээ. Өөрөөр хэлбэл, нэг сая 378 мянга 561 ширхэг нь иргэд, хуулийн этгээдийн эзэмшил юм байна.

Тус компанийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар:

1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн дүгнэлт,

2. Тайланд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт,

3. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ