Иргэдэд хүлээлт үүсгэсэн ипотекийн зээл юу болов?

Барилга, хот байгуулалтын яамны мэдээлснээр энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгох юм. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ.

Өөрийн гэсэн орох оронтой болж байгаа хүн үр хүүхэд, гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээн, ажилдаа хариуцлагатай хандаж, зээлээ сар бүр ягштал төлөхийг хичээдэг. Тиймдээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олгосон ипотекийн зээл хамгийн өндөр төлөлттэй гарсан. Нөгөө талдаа орон сууцанд орсон айлуудын тоогоор нийслэл хот дахь яндангийн тоо буурч буй. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зах зээлд эрэлтээс давсан нийлүүлэлт хийсэн нь эргээд барилгын салбарыг зогсонги байдалд оруулсан гэхэд болно. Үүний жишээ нь одоогийн байдлаар зөвхөн нийслэлд зах зээлд бэлэн байгаа 20 гаруй мянган орон сууц эзнээ хүлээн хоосон байна. Үндсэндээ орон сууцны урьдчилгаа болох 30 хувиа төлөх боломжтой хүмүүс нь зээл авч, банкны шалгуурын босго даваагүй иргэд зээлийн гадна үлдчихээд байгаа гэсэн үг.

Баримт дурдахад, нийслэлд 352812 өрх байгаагийн 148600 нь орон сууцанд, үлдсэн 204000 айл гэр хороололд амьдарч байгаа аж. Гэр хороололд амьдарч буй иргэдийн189240 нь орон сууцанд амьдрах хүсэлтээ холбогдох газруудаас явуулсан судалгаанд илэрхийлсэн байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд буюу 2013 оноос өмнө Монголын арилжааны банкуудаас ердөө940 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байдаг. 2013 оноос энэ тоо өсч жилд их наядаар хэмжигдэх хэмжээнд хүрээд байв. Харин 2016 оны сонгуулийн дараачаас ипотекийн зээл олголт үндсэндээ зогсонги байдалтай болсон. Уг нь ипотекийн зээл олголт 2010 оноос хойш тасралтгүй өсөн нэмэгдсээр 2013 оны эцэс гэхэд хоёр их наяд төгрөгт хүрсэн бол 2015 оны сүүлээр 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй болоод байсан юм.

Энэ хөтөлбөр зогсонги байдалтай болоход нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан байгаа юм. Тухайлбал, Засгийн газар 2009 оноос хойш иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд барилгын салбарт багагүй мөнгө зарцуулж ирсэн. Үр дүнд нь орон сууцны үнэ огцом өсч, эрэлтээс давсан нийлүүлэлт бий болсон. Өнгөрсөн дөрвөн жилд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэдэн их наядаар хэмжигдэх мөнгө хэвлэн барилгын салбарыг тэтгэсэн нь эргээд ипотекийн зээлийг зогсонги байдалд оруулахад хүргэсэн аж.

Сонгуулийн өмнө орон сууцны зээлийн хүүг таван хувьд хүргэсэн нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байсан эдийн засагт дахин нэг нэрмээс болсон. Учир нь, жилийн найман хувийн хүүтэй зээлийг тав болгоход зөрүү гурван хувийг хаана шингээх вэ гэх асуудал үүссэн ч сонгууль өнгөртөл асуудлыг түр аргацаасан. Улмаар сонгуулийн дараачаас таван хувийн хүүтэй зээлийг зогсоож, найман хувийн зээл олголт ч удааширч, зарим банк олгохгүй байгаа.

Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтөөс сард 34-40 орчим тэрбум төгрөг төвлөрч буй аж. Энэ эх үүсвэрээр сар бүр орон сууцны ипотекийн санхүүжилтийг олгож байгаа гэсэн үг.

Санхүүжилтийн схемийг эргэн харж, оновчтой бүтэцтэй болохоор Төв банк ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Энэ талаар Монголбанкны зүгээс “Ипотекийн зээлийн хөтөлбөр бол төсөвтэй адилтгах шинж чанартай үйл ажиллагаа учраас Төв банкны мөнгөний бодлогын үйл ажиллагаанаас тусдаа байх ёстой. Төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг удаан хугацаанд санхүүжүүлэх нь Төв банкны алдагдлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг алдагдуулах эрсдэлтэй” гэж үзэж байгаа аж.

Үүнээс үзвэл ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид зөв, оновчтой бүтцээр, зах зээлийн зарчимд нийцүүлэн Төв банкны оролцоогүйгээр Засгийн газар хэрэгжүүлэх ёстой нь харагдаж байна. Товчхондоо, манай улс хөрөнгийн болон даатгалын зах зээлээ хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүснэ. Ингэснээр ипотекийн зээлийн тогтолцоо бэхжиж, хөрөнгийн захаас урт хугацаатай эх үүсвэр бий болгож, санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

Мөн БНСУ-аас 30 жилийн хугацаатай авах 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, дэд бүтцийн төв байгуулах зэрэг төслүүдэд хөрөнгө оруулалтаа төвлөрүүлэх шаардлагатай байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ