Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно

Барилга, хот байгуулалтын яамны мэдээлснээр энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгох юм. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ.

Урьдчилгаа 30 хувь болон сар бүрийн төлбөрөө тогтмол өгөх боломжгүй тодорхой тооны өрхийг түрээсийн орон сууцаар хангахаар төлөвлөөд байна. 2018, 2019 он утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил гэж Засгийн газраас үзэж байгаа аж.

БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай, хүү маш бага, 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, нийтийн тээврийг шинэчлэх, дэд бүтцийн төв байгуулах зэрэг 15 төсөл хэрэгжүүлнэ.

Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын сан байгуулахаар төлөвлөсөн юм. Эдгээрийг ажил хэрэг болговол 2019-2020 оны өвөл гэхэд бохирдлыг 50 хувь бууруулж чадна гэж Засгийн газар шийдвэрлэжээ.

Эрчим хүчний яам БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2020 оны хагас гэхэд 10 аймагт дулааны станц барьж ашиглалтад оруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ