Улсын өр 30 тэрбум ам.долларт хүрчихээд байхад нэмж зээл авдагаа хэзээ болих вэ?

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2017 оны эцэст 27.4 тэрбум ам.долларт хүрсэн тоон үзүүлэлттэй гарчээ.

Өнөөдөр бид байгалийн баялгаа ашиглаж байгаа боловч баялгаас иргэд хүртэж байгаа билүү. Лиценз гэдэг нэрээр газрын баялгийг хувь хүн, компаниуд аваад эргээд лицензээр баялгийг худалддаг болсон. Үр дүнд, нь одоо бүх хүн өр, зээлтэй болсон байна. Улс нь өөрөө 30 орчим тэрбум ам.долларын өртэй болчихлоо.

Угтаа 2017 оны нэгдүгээр улиралд манай улсын гадаад өрийн хэмжээ 25 тэрбум ам.доллартай тэнцэж байв. Гэтэл оны эцэст 2.4 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд нээгдсэн 5.5 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой юм. Мөн Сангийн яамнаас хоёр төрлийн бондыг гадаад зах зээл дээрээс шинээр босгож, өмнөх бондын өрийн төлбөрийг барагдуулсан явдал ч нэрмээс болов.

Энэхүү өрийн хэмжээг бодоод үзвэл Монгол Улсын 10-аад жилийн төсөвтэй тэнцэхээр юм. Бид энэ байдлаараа өрийг өрөөр дараад, өөр шинэ зээл аваад яваад байвал дарамтад орох нь ойлгомжтой. Ядаж байхад гаднаас авсан их мөнгийг бид зөв зүйлд, менежменттэй зарцуулж чадаж байгаа бил үү. Энэ асуултад ихэнх нь үгүй гэж хариулах байх. Ерөөсөө дэлхий нийтийн өр түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ хүрч, тэр хэрээр төсвийн бодлого хумигдаж, бодлогын орон зайгүй болж байна. Мөн өрийн менежмент, зарцуулалт ч асуудал дагуулсаар байгаа.Үүнийг манай улс ч бас тойрч чадалгүй, дайрч байна. Гэхдээ манай төрийн удирдлагууд жаахан менежменттэй байсан бол тойрч болох л байсан байх.

Угтаа эрх баригчид тодорхой салбарт хөрөнгө оруулах байдлаар мөнгө зээлнэ гэж сайхан ярьдаг. Гэтэл хэрэгтэй, хэрэггүй төсөлд зээл өгөөд, өөрсдөө хувааж аваад, дараа нь төлж чадахгүй нэрийдлээр улсын нуруун дээр ачаа үүрүүлдэг асуудал байсаар буй. Дээр нь айлчлал нэрээр дандаа зээл авч ирж, өрийн хэмжээг ихэсгэдэг.

Одоо бидэнд энэ их өрнөөс ямар бүтээн байгуулалт, үйлдвэр үлдэв. Гэхдээ яахав хэдэн зуун км зам, цементийн үйлдвэрүүд, “Буянт-Ухаа” нэртэй орон сууцны хороолол л байна. Муу нь улсад татвар төлөх үйлдвэр үлдээгүй.Эдийн засаг улам л дордож, бүр Монгол Улс дампуурлаа зарлах дээрээ хүртэл тулсан. Хэрвээ Засгийн газар өнөөг хүртэл тавьсан 4.76 тэрбум ам.доллараа ашигтай зүйлд зарцуулсан бол ийм байдалд хүрэхгүй л байсан. Тэр ч зээлсэн, энэ ч авсан, одоо өгч чадахгүй нь гэж хэрэлдээд суух байсан бил үү, үгүй шүү дээ. Тиймээс л одоо тавьсан өрөө зөв зүйлд зарцуулж, дээр нь нэмж зээл авч ирдэгээ больмоор байна эрх баригчид аа!

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ