Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэлэлцэв

Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/-ийг Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын нийт гишүүдээр хэлэлцүүлэв.

ДХБ-ын гишүүд бүс нутгийн аливаа худалдааны хэлэлцээрийг ДХБ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийн дагуу ЭЗТХ-ийг хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт монголын төлөөлөгчдийг Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн тэргүүлж оролцов. Японы төлөөлөгчдийг Япон Улсаас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Риосуке Кувана тэргүүлэв.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ ЭЗТХ-ийг байгуулах хүртэл Монгол Улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй ДХБ-ын цорын ганц гишүүн байсан бөгөөд анхны хэлэлцээрээ Япон Улстай байгуулсан нь манай худалдааны бодлогод шинэлэг бөгөөд томоохон өөрчлөлтийг бий болгож буй талаар дурдав. Тэрээр “хэлэлцээрийн гол зорилго хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, технологи шилжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, бизнесийн холбоог бэхжүүлэх зэрэгт оршиж байна” гээд цаашид Хэлэлцээрийг харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Хэлэлцүүлгийн үеэр Мексик, Европын Холбоо, АНУ, Тайвань, Канад Улсын төлөөлөгчид Хэлэлцээрийн талаар санал илэрхийлэв. Эдгээрээс Мексик, Европын Холбоо, Тайвань, Канад Улсын урьдчилан ирүүлсэн асуултад хариулсанд талархал илэрхийлэв. Европын Холбоо, АНУ-ын зүгээс цахим худалдааны асуудлыг тусгасныг сайшаан тэмдэглэж, энэ нь цаашид олон талт худалдааны хэлэлцээнд хэлэлцэгдэж буй асуудлыг урагшлуулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлын талаар тодорхой мэдээлэл авах сонирхолтой буйгаа илэрхийлэв.

ЭЗТХ-ийг байгуулах хэлэлцээг 2012 оны 6 дугаар сард эхлүүлж, 2015 оны 2 дугаар сард Хэлэлцээрт гарын үсэг зурснаар 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Энэ дашрамд, ДХБ-ын гишүүн орнууд нийт 455 чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар ДХБ-д мэдэгдсэнээс 284 хэлэлцээр идэвхтэй хэрэгжиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ