Залуу хоршоологчдыг дэлхийн бага хуралд оролцуулна

Дэлхийн залуу хоршоологчдын зөвлөл (WYCUP)-өөс тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Хөтөлбөрт аль ч улсын мэргэжилтнүүд нэр дэвших бүрэн боломжтой бөгөөд таван залуу хоршоологчийг шалгаруулж, Сингапур улсад энэ оны долдугаар сард болох Дэлхийн Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын бага хуралд урилгаар оролцуулах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь ХЗХ-дын салбарын залуу манлайлагчдын мэргэжлийн хөгжлийг хөхүүлэн дэмжих, бүх түвшний оролцоог хангах явдал бөгөөд нэр дэвшихийн хүсэгчид хүсэлт, холбогдох материалаа тавдугаар сарын 31-ний дотор Дэлхийн залуу хоршоологчдын зөвлөлд хүргүүлэх юм.

Дэлхийн хадгаламж, зээлийн хоршоодын зөвлөл (WOCCU)-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Пол Трэйнин, “Ирэх жилүүдэд Дэлхийн залуу хоршоологчдын зөвлөл залуучуудтай илүүтэй хамтран ажиллана. Ингэж туршлага дадлага эзэмшүүлэх, өвлүүлэх ажлыг хийснээр дэлхий нийтийн хоршооллын хөдөлгөөний хөгжлийн ирээдүйг хангаж чадна' хэмээн онцолсон байна. Энэ бодлогын хүрээнд Сингапурын Бага хурлын үйл ажиллагаанд тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдод зориулсан мэргэжлийн сургалтуудыг түлхүү явуулахаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрт оролцохыг хүсэлтэй залууст 35-аас доош настай байх, дэлхийн ХЗХ-дын (WOCCU)-ийн гишүүн эсвэл бусад санхүүгийн хамтын ажиллагааны гишүүн орны хоршоодын төв байгууллагадаа элссэн байх, хоршооны ажилтан эсвэл сайн дурын ажилтан байх зэрэг шалгуур тавьж байгаа юм. Мөн урьд нь “WYCUP”-ийн тэтгэлэг авч байгаагүй байх ёстой ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ