Ноолуурын бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүльеье
2017 оны дөрөвдүгээр сард нэг кг ноолуурын ханш 110 мянган төгрөг хүрч цойлж байлаа. Удалгүй 60 мянга хүртэл буураад тогтож байсан юм. Тэгвэл энэ хавар ноолуурын ханш мөн л өндөр эхлэх хүлээлттэй байгааг салбарынхан онцолж байна.
Учир нь манай хамгийн том худалдан авагч болох БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт нэмэгдэх боломж үүсжээ. Үүнийг тус улсын банкууд хэдэн жил зогсоогоод байсан эргэлтийн хөрөнгийн зээлээ энэ оноос дахин олгож эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна. Манай улсын мал аж ахуйн салбар бусад оронтой харьцуулахад бага өртөгтэй гэж үздэг. Малын ус, тэжээлийг бэлчээрээс үнэгүй авдаг.
Тиймээс ноолуурын орлого малчин өрхөд 100 хувь ашиг болж очдог талтай. Иймээс ноолуурын ханш үнэ өндөр тогтох нь 160.7 мянган малчин өрхийн амьжиргаанд сайнаар нөлөөлөх ч нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэгчдэд хүнд тусна гэсэн үг. БНХАУ-ын банкууд эргэлтийн хөрөнгийн зээлийг үйлдвэрлэгчид дээ жилийн хоёр хүртэлх хувийн хүүтэй олгодог бол манайхан 13-24 хувийн хүүтэй зээл авч эргэлдүүлдэг байна.
Энэхүү тогтолцоо нь ноолуурын зах зээл дээр БНХАУ-ын худалдан авагчид голлон тоглох боломжийг бүрдүүлж иржээ. Энэ жилийн тухайд ч урьдын жишгээр урд хөршийн худалдаачид ноолуурын ханш өндөр тогтоход ихээхэн нөлөөтэй оролцох таамгийг салбарынхны зүгээс дэвшүүлж байна. Үүнийг дагаад энэ хавар нэг кг ноолуурын ханш 100 мянган төгрөг давах магадлалтайг ченжүүд хэлж буй.
Засгийн газраас ноолуурыг стратегийн түүхий эд гэж үзэн салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг өнгөрсөн сард баталж, хэрэгжүүлэхээр тогтоод байгаа. Хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжих бөгөөд шаардлагатай хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байх аж.
Үр дүнд нь нэхмэлийн салбарт 3,600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 дахин өсөж, жилдээ 19.8 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байгаа.
Монгол Улсын хэмжээнд энэ онд 9,400 тонн ноолуур самнаж авах урьдчилсан тооцоо гарсан. Нийт ноолуурынхаа 18 гаруй хувийг дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бол үлдсэн хэсгийг угаан гадагшаа гаргана. Энэ нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг Монгол Улс хангаж буй үзүүлэлт аж. Уг тоо цаашид ч өсөх боломжтой бөгөөд 2015 оны мал тооллогын дүнгээр 23 сая толгой ямаа тоологдож байсан бол 2017 онд 27 сая болж өсжээ. Хэдийгээр Хятадын ямаан сүргийн тоо толгой буурч байгаа ч нийт зах зээлийн талаас илүү хувийг дангаараа хангаж, гол тоглогчийн байр сууриа алдаагүй байгаа юм.
Монгол ноолуур уур амьсгал ширүүн учраас бусад орныхоос илүү дулаан, тусгаарлах чадвар сайн, органик байж чаддаг аж. Энэ нь өмнөд хөршийн үйлдвэрлэгчтэй өрсөлдөх нэг онцлог юм. Нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур авч, нэг грамм цэвэр ноолуураар 9-10 метр утас ээрдэг. Монгол ямааны ноолуурын ширхгийн голч 13.0-16.5 мкм дундаж урт 38-45 мм бөгөөд монголын эрс тэс цаг ууртай холбогдон дулаан хадгалах чанараараа бусад орны ямааны ноолуураас давуу байдаг аж.
Иймээс Хятадын үйлдвэрлэгчид ширхгийн чанар муутай ноолуураа Монголоос импортолсон чанартай ноолууртай хольж бүтээмжээ ихэсгэж байгаа талаар судлаачид дурджээ. Гэвч Хятадын ноолуурын экспортын 70 орчим хувь нь бэлэн бүтээгдэхүүн. Харин Монгол ноолуурынхаа ердөө 13 хувийг бэлэн бүтээгдэхүүн болгож экспортолдог. Энэ нь монголчууд түүхий ноолуур бус бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж буй юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ