ОУВС: Монгол Улс 30.55 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гуравдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээг хэлэлцэж баталлаа. Энэ талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер өнөөдөр мэдээлэл хийлээ.
Үнэлгээг хийж дуусгаснаар, Монгол Улс 20.9598 сая ЗТЭ буюу ойролцоогоор 30.55 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болжээ. Ингэснээр хөтөлбөр эхэлснээс хойш нийтдээ 104.8278 сая ЗТЭ буюу 152.79 сая ам. долларын санхүүжилт олгогдож байна.Нийл Сакер “Захирлуудын зөвлөлийн гишүүд хөтөлбөрийн хэрэгжилт дээр сэтгэл тааламжтай байгаа. Үнэлгээг баталснаар дараагийн санхүүжилт олгогдох үүд хаалга нээгдлээ.
Эдийн засаг бидний тооцоолж байснаас хамаагүй эрчимтэй сэргэж, өндөр өсөлттэй гарч байна. Гадаад валютын нөөц ч эрчимтэй нэмэгдэж одоогийн байдлаар 3 тэрбум ам.доллар боллоо. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авсны үндсэн дээр ийм үр дүн гарлаа. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас Засгийн газар цаашид урт хугацааны тогтвортой бодлогодоо анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Энэ утгаараа хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүд илүү ач холбогдолтой болж байна. Бүтцийн шинэчлэлийн хүрээнд татварын орчныг таатай болгож, их хэмжээний татварын орлого цуглуулдаг тогтолцоо рүү шилжих зорилт дэвшүүлж байгаа. Эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд төсвийн орлого ч нэмэгдэж байна. Тэгэхээр Засгийн газраас төсвийн зарлагыг үр ашигтай болгох тал дээр анхаарах шаардлагатай.
Санхүүгийн салбарт банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжиж байх хэрэгтэй. Үүнээс гадна олгож буй зээл нь бага хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэл, ХАА-г дэмжсэн байвал эдийн засагт тустай” гэв.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийн үнэлгээг хэлэлцсэний дараагаар хурлын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд тус сангийн дэд тэргүүн ноён Мицүхиро Фурусава дараах мэдэгдлийг хийжээ.
Мэдэгдэлдээ “Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг нь дэлхийн түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлаас шууд хамааралтай байгаа үед энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуу бөгөөд тууштай байр суурьтай байх явдал нэн чухал юм.
Сэргэж байгаа өсөлт, сайжирч байгаа эдийн засагт итгэх итгэл, өсөн нэмэгдэж байгаа валютын нөөц, буурч байгаа өр, хандивлагчдын даацтай дэмжлэг бүхий хүчирхэг мөчлөгийг тогтвортой хадгалахын тулд хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэдгийг онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ