У.Хүрэлсүх: Бизнес эрхлэгчдийг дарамтлагчидтай хатуу тэмцэнэ
Монголын Эдийн Засгийн Чуулган өнөөдөр "Хүчээ нэгтгэе" уриатайгаар Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас ирсэн мэндчилгээ, хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэе.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин бууруулж чадлаа. Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, сэтгэл амар амьдрах ёстой. Оюун санаа, эдийн засаг, тусгаар тогтнолоо батжуулахад чиглэсэн Гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсрууллаа. Зөв засаглалыг бэхжүүлэх үндэс нь бодлого, институцийн тогтвортой байдал. Бизнес эрхлэгчдийг дарамтлагчидтай хатуу тэмцэнэ.
УИХ-ын дарга М.Энхболд: Энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, улмаар дунд хугацаанд гадаад зах зээлээс хамааралгүй, өөрөө өөрийгөө тэтгэдэг болгохын тулд бүтцийн өөрчлөлтийн бодлогыг явуулах нь чухал.Ирээдүйн тэтгэвэр авагчийн амьдралын баталгаа, тэтгэврийн сангийн шинэчлэлийн асуудал орхигдсон хэвээр байна. УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарах болно.Нээлтийн үйл ажиллагааны дараа Засгийн газрын "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг танилцууллаа.
Г.Занданшатар "Энэ бол төрийн бодлогын суурь баримт бичиг. Нэгдмэл төлөвлөлт бол гурван тулгуурт бодлогын суурь юм. Сахилга хариуцлага бол гурван тулгуурт хөгжлийн бодлогын амин сүнс юм.
Гурван тулгуурт хөгжлийн бодлогын Эдийн засгийн реформ нь татварын реформоор эхэлж байна. Тогтвортой ХАА хөгжүүлэх, аялал жуулчлал, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх үндсэн зорилтыг энэ хүрээнд хийнэ.
Засаглалын реформын хүрээнд тогтвортой засаглалыг бэхжүүлнэ. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Мөн төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцүүлнэ. Монгол төрийн албаны шинэчлэлийн үр дүнд сахилга хариуцлагатай, тогтвортой засаглалын зарчим тууштай хэрэгжих болно.
Иргэдээ чинээлэг болгох Нийгмийн бодлогын реформын хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжинэ. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байна. Татвар төлөгч, бизнес эрхлэгчиддээ дарамтгүй ажиллах нөхцөл бүрдүүлнэ.
Дундаж давхаргаа дэмжих хүрээнд Монгол хүний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Ажилгүйдэл, ядуурлыг арилгахын тулд ядуурлыг хяналтдаа авах ёстой. 250 мянган ядуу өрхийг бүрэн дүүрэн бүртгэж, ядуурлыг хянаж, шалтгаанаар нь ангилж, ангилал бүрт таарах ажлыг хийж орлогыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн бодлогын хүрээнд 263 мянган ажлын байр бий болно" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ