Агаарын бохирдлыг бууруулахад АХБ 130 сая долларын зээл олгоно

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар нийтийн эрүүл мэндийг дэмжиж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий 130 сая ам.долларын бодлогын зээлийг гуравдугаар сарын 23-нд батлаад байна.

Энэ тухай АХБ-ны хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь хүргэе.

“Улаанбаатар хотын агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрээд байгаа нь төлөвлөлт дутмаг, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хүрэлцээгүй байсан зэрэгтэй холбоотой.

Мөн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа явдал ч бас нөлөөлсөн” хэмээн Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэн Мариа Пиа Анкора хэлээд “АХБ-ны дэмжлэг нь энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, мөн цэвэр, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд шаардагдах бодлогын шинэчлэлийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн тэмдэглэв.

Агаарын бохирдол иргэдийн, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулахын зэрэгцээ хүндхэн байгаа эдийн засгийн өсөлтөнд дарамт үзүүлж байна.

АХБ-ны энэхүү дэмжлэгийн хүрээнд үндсэн гурван шинэчлэлийг хийх бөгөөд үүний нэг нь тээвэр, халаалт зэрэг эдийн засгийн салбаруудын үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, агаарын чанарын асуудлыг оновчтой зохицуулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагаа юм.

Мөн агаарын бохирдлыг бууруулж, хүний эрүүл мэндийг хамгаалах, тэр дундаа утаа багатай түлшийг нэвтрүүлэх асуудалд төсвийн зарцуулалтыг чиглүүлэхэд анхаарахын зэрэгцээ Улаанбаатар хотын оновчтой төлөвлөлт болон цэвэр түлш, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн урт хугацааны тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

АХБ-ны ердийн хөрөнгийн энгийн эх үүсвэрээс олгож буй энэхүү бодлогын зээл нь 2 үе шаттайгаар санхүүжигдэнэ.

Эхний шатны санхүүжилт болох 100 сая ам.долларын хөрөнгийг зээл хүчин төгөлдөр болмогц олгох бол хоёр дахь шатны 30 сая ам.долларын санхүүжилтийг тус хугацаанд хамаарах бодлогын арга хэмжээ хэрэгжиж дуусмагц олгох юм.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулахад чиглэн ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ