Оюутолгойн гэрээ Монголд "ашигтай, ашиггүй"
Оюутолгойн гэрээний асуудлаарх сайн, муу зүйлс өдийг хүртэл хөвөрсөөр буй. Анх 2009 оныаравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт,Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар 'Рио Тинто'-той гэрээ байгуулсан байдаг.
Энэхүү гэрээг тойрсон сайн, муу гэх шүүмжлэл тайлбар одоо ч өрнөж, улс төр, эдийн засгийнхны анхаарлыг татсаар байна. Ийнхүү уг төслийн гэрээний асуудлаар хүмүүсийн байр суурийг сонирхоё.
С.Баярцогт: 2009 онд бид чөмгөө дундартал зүтгэж, Оюутолгойн гэрээг байгуулсан. Сайн гэрээ болсон гэж дүгнэдэг. Мэдээж дэлхий дээр төгс гэрээ байгуулагдах нь ховор. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар Оюутолгойн чиглэлд ажилладаг. Бид хоёр том хөрштэй. Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау, соёл дагуулж ирсэн. Тийм учраас Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ.
Эдийн засагч Д.Бямбасүрэн: Мэргэжлийн хүний нүдээр харахад гэрээг байгуулсан, төрийг төлөөлсөн С.Баярцогт бол илт хуурч мэхлэх, монголчуудыг мунхруулах байр суурьтай байсан. “Энэ нь их сайхан гэрээ, Монголчууд 60, 70 хувийн ашгийг авна” гэж яриад өрөнд орчихоод байгаагаа цухуйлгаагүй. Хамгийн гол асуудал болох Монголын нутаг дэвсгэр дээр, Монголын хуулиар ажиллаж байгаа аж ахуй нэгж Оюутолгойн олсон орлого яагаад заавал гадаадад хадгалагдах ёстой юм гэдэг асуудлыг хөндөөгүй.
Харамсалтай нь С.Баярцогт худлаа хэлэх нь дэндсэн л дээ. 20 мянган хувьсагчтай загвар дээр ажилласан гээд байгаа. Тийм хөрөнгө оруулалтын ашгийг тооцох загварыг анх 1986 онд Монгол оруулж ирсэн. Тэр үеийн телефон автоматжуулсан системд хэрэглэж байсан. Ер нь хувьсах загварыг хэрэглэсээр л ирсэн. 20 мянган хувьсагчтай загвар гэж дэлхийд байдаггүй. АНУ-ын эдийн засгийг бүхэлд нь төсөөлдөг загвар бол 159 хувьсагчтай. Гэтэл хувьсагч, өгөгдөхүүн гэдгийг ч мэддэггүй юм байна лээ. Энэ нь өөрөө загвар дээрээ ажиллаагүй, мэдэхгүй гэдгээ харуулсан. Нөгөө талаас гадныхны нүдээр бол Монголын эдийн засгийн хувь заяаг шийдэж байгаа Сангийн сайд нь арчаагүй, боловсрол муутай, ард түмнийхээ өмнө ичихгүй худлаа хэлдэг хүн байна гэж ойлгогдож, Монголыг энэ хэрээр дүгнэнэ шүү дээ.
С.Ганбаатар: Оюутолгойн луйврын гэрээний талаар би 14 жил ярьж байна. Энэ гэрээг хийхдээ анхнаасаа эх оронч сэтгэлээр хандсан бол өнөөдөр монголчууд Норвеги шиг сайхан амьдрах байлаа. Энэ боломжийн төлөө өнөөдөр сэрсэн бол яамай даа. юутолгойн уул уурхайн гэрээ зогсчих юм шиг бодож магадгүй. Зогсоосон ч Монголын талд ямар алдагдалтай юм. “Рио-Тинто”-гийн гэрээнээс ашиг хүртдэг улстөрчид л хохирч магадгүй.С.Ганбаатар гэдэг хүн нэг кг зэс ч авах гээгүй. Үр дүн нь Монгол орон өргүй болно. Монголд ажлын байр бий болно. Одоо бид яаж амьдарч байгаа билээ.Сургуульгүй, ажилгүй, ядуу, тэтгэврээ нэмж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй байна. Хэрэв Оюутолгойн гэрээг засч чадвал энэ бүх зовлон эдгэрнэ.
С.Баяр: Оюутолгой Монголын төсөвт хамгийн их татвар төлж байгаа компани. 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт, дөрвөн жилийн өмнө байгуулсан Оюутолгой Монголын эдийн засгийг нуруундаа үүрч байна. Төсөвт төлсөн мөнгөөр нь тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсөө Монгол Улс тавьж байна.
Д.Загджав: Авлига өгсөн нь тогтоогдвол манайх 34 хувиа 100 хувь болгох боломжтой. Энэ дуусдаггүй, их маргаан нь Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын үүд хаалгыг хааж, төрд итгэх ард түмний итгэлийг бууруулж байгаа нь тодорхой. Цаашлаад энэ асуудлыг улс төрийн өшөө авалтдаа ашиглаж нэр бүхий улс төрчид нийгмийг хагаралдуулж байгаа нь ноцтой үр дагавартай болоод байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ