Үнэт цаасны компаниудын 43 хувь нь ашигтай ажиллажээ

Дотоодын үнэт цаасны компаниудын 43 хувь нь 2017 онд ашигтай ажилласан талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Эдгээр компаниудаас тэргүүлэх хоёр компани тус бүр нь 1.2 тэрбум төгрөгийг давсан ашигтай ажилласан байна. 2016 онд 36 хувь нь ашигтай ажиллаж байсан аж.

“BDSec” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн “Манай зах зээлд одоогийн байдлаар маш олон брокерын компаниуд байгуулагдаад байна. Энэ тоо 110 гарчихсан байсан. Харин одоо эргээд 58 болсон. Гэхдээ 58-аас дахиад жижиг хэмжээний брокерын компаниуд байгаа. Үүнийг Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулж, зах зээлийн идэвхийг нэмбэл сайн үр дүн гарч ирнэ гэж харж байна” гэж онцоллоо.

2017 онд Хөрөнгийн хоёр биржид нийт 860 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүний 8.9 хувийг хувьцааны арилжаа, 1.2 хувийг компанийн бондын арилжаа, 89.9 хувийг ЗГҮЦ-ны арилжаа бүрдүүлжээ. Энэ нь 2016 оноос 2.5 дахин их үзүүлэлт болж байгаа юм.

Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “2017 оны арилжааны хэмжээг харвал хөрөнгийн зах зээлийн даац харьцангуй өссөн байна. Үүнээс гадна иргэдийн арилжаанд оролцох идэвх, оролцоо нэмэгдсэн. Гол нь Монголын Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс шинээр гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг илүү түргэн шуурхай гаргах, бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.

2017 онд арилжааны идэвх нэмэгдэхээс гадна, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд гарсан бөгөөд энэ нь Монголын Хөрөнгийн бирж төдийгүй үнэт цаасны компаниудын ашигт ажиллагаанд нөлөөлсөн талаар үнэт цаасны компаниудын төлөөлөл онцолж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ