"Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн оюутнууд илтгэл танилцуулав
"Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн 2-р сарын сургалт амжилттай зохион байгуулагдаж үр дүнгээ дүгнэлээ. Энэхүү хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр 20 гаруй сургуулийн 200 орчим оюутан хамрагддаг бөгөөд оюутнууд сард нэг удаа эдийн засгийн анхан шатны мэдээлэл олгох хичээл заах эрхтэй болдог ба өөрийн сургуулийн 50-аас дээш оюутнуудад мэдээллээ хуваалцдаг юм. 2017 оны есдүгээр сараас эрчимтэй эхэлсэн уг хөтөлбөр өнөөдрийн байдлаар 8000 гаруй оюутанд хүрсэн байна.
“Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн 2-р сарийн сургалтанд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн урилгаар оролцож “Банк санхүүгийн байгууллагын аюулгүй байдал” сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Мөн оюутнуудын сонирхсон асуултуудад хариулж, өөрийн ажил, амжилтын түүхээс хуваалцсан юм.
Мөн Монголбанкны Хууль эрхзүйн газрын хэлтсийн захирал А.Туул оролцож “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” аяны талаар танилцуулга хийлээ. “Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн оюутнууд тус аяныг дэмжин хамтран ажиллахаар болов. Уг сургалтанд 120 гаруй оюутан хамрагдлаа.
Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө хөгжүүлэх, ярих илтгэх, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх, эдийн засгийн мэдлэгээ сайжруулах, дадлага ажилд туршлагажих, найз нөхдийнхөө хүрээг тэлэх, төв банкны хурал зөвлөгөөн бодлого шийдвэрт илүү ойр болж мэдээлэл авах, төв банкнаас зарласан тэмцээн уралдаанд оролцох зэрэг олон давуу талтай юм. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудад нээлттэй тул бүртгүүлж хамрагдах бүрэн боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ