"ЗГ бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна"
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрөө сурталчлах зорилгоор анх удаа “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Г.Занданшатар чуулга уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэллээ.
“Монгол Улсын эдийн засагт хавар ирж байна. Засаглал сайжирч, хариуцлага жигдэрч, эдийн засгийн өсөлт ч нэмэгдэж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар төсвийн тэнцэл сүүлийн долоон жилд анх удаа ашигтай гарлаа” гэж тэрбээр онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Татварын багц хуулийн шинэчлэл, эдийн засгийн реформ, томоохон хөтөлбөр, төслүүдийнхээ талаар энэ сарын 28-нд болох Эдийн засгийн форумын ”Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг”-ийн үеэр дэлгэрэнгүй танилцуулж, санал авахаар төлөвлөсөн.
Засгийн газар эдийн засгийн хөгжлийн гурван тулгуурт бодлого баталсан, “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн стратеги дэвшүүлж, олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, хаврын хэлэлцүүлгийн үеэр танилцуулна гэлээ.
Засгийн газраас шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилт тавьж, 2018 оныг “Хариуцлагын жил”-ээр зарласан. Төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх нь бизнесийн орчныг тогтворжуулахад чухал нөлөөтэй гэлээ.
Монгол Улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг эрдэс, түүхий эдийн үнэ 2017 оноос тогтворжиж, цаашид зарим бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна. Гэвч Монгол Улсын эдийн засаг дахь түүхий эдийн үнийн мөчлөг дагасан, бие даах чадваргүй, өрөөсгөл, эмзэг бүтцийг засаж, шинэчлээгүй тохиолдолд цаашид хямралд байн байн өртсөөр байхыг эдийн засагчид, санхүүчид сануулж байна.
Тодруулбал, эдийн засгийн бодит өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан боловч 2016 онд 1.0 хувь болж буурч, 2017 онд 5.1 хувь болж өслөө. Хөрөнгө оруулалтын орчин муу байгаагаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, гадаад валютын нөөц дундарсантай холбоотойгоор макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учирч, улмаар улсын төсөв, төлбөрийн тэнцэлд хүндрэл үүссэн.
Харин өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэж байгаа үзүүлэлт юм. Энэ өсөлтөд танай эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн жин дарж байгаа. Иймд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой байлгах нь холбогдох Төр засгийн байгууллагуудын нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого, зорилт байх ёстойг гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцоллоо.
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээнүүдийн тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал:
Засгийн газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулан ажиллаж байна. Тус зөвлөл нь хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд хуулийн хүрээнд тогтвортой хамтарч ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиглэлд амжилттай ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, мөн Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин, шинэчлэлийн бодлого, стратеги хөтөлбөрийн төслийг боловсруулах, лиценз тусгай зөвшөөрлийг хялбарчлах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. “Цахим шилжилт” стратегийг Засгийн газар өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээний ихэнхийг цахимаар, гар утаснаасаа авдаг болно.
Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрхзүйн орчныг сайжруулна. Ингэснээр үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа олон нийтэд гаргах, нээлттэй хувьцаат компаниуд зах зээлд улам бүр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ;
Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Баялагийн сан - Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар судлаж байна;
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн механизмыг хөрөнгө оруулагч нарт тодорхой болгоно. Энэ хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г байгуулан ажиллуулж эхлээд байна.
Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд “Хууль хяналтын байгууллагуудаас хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулах, үндэслэлгүйгээр хорих, хилийн хориг тавих асуудалд хяналт тавих байнгын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллуулж байгаа болно.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизмыг байгуулж ажилласан 1 жилийн хугацаанд багагүй ажлууд хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, итгэлийг сэргээх талаар ажиллаж байна.
Тухайлбал, Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын хамгаалалтын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, бодлогын тогтвортой байдлыг дээшлүүлэх хүрээнд Дэлхийн банк болон бусад улс, гадаад улсын элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний санал хүсэлтийг байнга сонсож, үйл ажиллагаандаа тусгаж, санал гомдлыг Засгийн газар шууд хүлээн авч шийдвэрлэж ирсэн.
Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас байнга дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улс “Дэлхийн Хөрөнгө Оруулалтын Орчныг Шинэчлэгчдийн Нийгэмлэг”-ийн анхны санаачлагч, үүсгэн байгуулагч орноор сонгогдсон нь бидэнд итгэл найдвар үзүүлж буй нэгэн хэлбэр гэж ойлгож хүлээн авч байгаа.
Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгон хөгжүүлж төр, хувийн хэвшлийн итгэлцлийг бэхжүүлэх, засаглал, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ЗГХЭГ-ын даргын түшаалаар байгуулсан.
Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо нь төрөөс хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдүүдээс санал авч, тэдний төлөөлөл бүхий хорооны хурлаар хэлэлцүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангах, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй.
Товчхондоо хувийн хэвшил, тэр дундаа хөрөнгө оруулагчдаас саналыг нь авахгүйгээр, сонсохгүйгээр тэдний үйл ажиллагаатай холбоотой аливаа хууль тогтоомж, бодлогын шийдвэр гаргадаггүй байлгахад чиглэгдэнэ.
Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчид өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах чиглэлд идэвхи, санаачилгатай байж, төрийн байгууллагуудад саналаа хүргүүлэн идэвхитэй хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчид та бүхэнд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ