Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АмЧамын бизнесийн төлөөлөлтэй уулзав
Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) зохион байгуулсан сар бүрийн Бизнес уулзалтад гуравдугаар сарын 20-ний өдөр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны бусад албан тушаалтан оролцлоо.
Уулзалтын үеэр сайд Ч. Хүрэлбаатар татварын хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, Монгол улсын санхүүгийн нөхцөл байдал, цаашдын хандлага болон эдийн засгийн өсөлтийг хангахад чигэлсэн бусад томоохон ажлууд, үр дүнгийн талаар мэдээллээ.
Сайд Ч.Хүрэлбаатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:
“АмЧамаас зохион байгуулж буй өнөөдрийн Бизнес уулзалт цаг үеэ олсон уулзалт болж байна. Татварын багц хуулиудад санал болгож буй шинэчлэл, нэмэлт өөрчлөлтүүд нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжүүд дээр үндэслэсэн, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, татварын нэгдсэн бодлоготой болж, улмаар шударга татвар төлөгч, хувийн хэвшлийг бодитоор дэмжих, харин татвараас зайлсхийх тохиолдолд хариуцлага тооцдог зарчмууд дээр үндэслэсэн юм. Сангийн яам өнгөрсөн 26 хоногийн хугацаанд татварын багц хуулийг шинэчлэхтэй холбоотой 2000 гаруй саналыг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор мэдээллийг боловсруулж эхлээд байгаа бөгөөд долдугаар сард хуулийн эцсийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар батлуулахаар төлөвлөж байна. Цаашид АмЧам Монголын зүгээс хувийн хэвшлийг дэмжих, шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг татварын бодлогоор дэмжин ажиллана”, гэв.АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер нээлтийн үгэндээ Сангийн яам татварын шинэчлэлийн төслийг олон нийтэд ил тод, нээлттэй арга барилаар танилцуулж байгаа үйл явцыг үнэлж байгаагаа илэрхийлээд:
“Эрүүл, өсөн дэвжиж буй хувийн хэвшилгүй тохиолдолд улс орны эдийн засаг хүнд байдалд орж, ажилгүйдэл нэмэгдэж, улмаар нийгэмд сөрөг үр дагавар бий болох эрсдэлтэй. Иймд АмЧам Монгол шударга, ил тод татварын орчинг дэмжихийн сацуу бизнесийг тэлж өргөжүүлж буй хувийн хэвшилд хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн бодлогын шийдлүүдийг дэмжинэ.Хэдийгээр татварын орчинг боловсронгуй болгох шаардлага байгаа хэдий ч тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын зарчмуудыг алдагдуулалгүй тэнцвэржүүлж байх нь чухал юм. АмЧам Монгол нь татварын шинэчилсэн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын бизнесийн зөвлөл, Уул уурхайн үндэсний Ассоциаци, CEO Клубтэй хамтран Ажлын хэсэг байгуулсан бөгөөд эдийн засгийн хөгжлийг хангахад чухал үүрэг хүлээдэг хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих чиглэлд ажиллана”.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ