Монголчуудын дундаж цалин нэг сая төгрөг байж "чадлаа" юу?

Хэдхэн хоногийн өмнө Үндэсний статистикийн хорооноос нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг сая төгрөг болсон тухай мэдээлсэн.

Угтаа Монгол Улс цалин хөлснийхөө хэмжээгээр дэлхийд нэлээд доогуурт ордог. Өөрөөр хэлбэл, монголчуудын хөдөлмөрийн үнэлэмж дэлхийн бусад улс орнуудаас 3.5 дахин бага гэсэн судалгаа бий.Үүнтэй холбоотойгоор дээрх статистикээс харвал нийт ажиллагсдын ердөө 30 хувь нь дундаж хэмээх улаан шугамыг давж байгаа юм. Түүнчлэн нийт ажиллагсдын тэн хагас нь дунджаас дэндүү бага. Ийм байхад сая шүргэсэн мөнгөн дүнг монголчуудын дундаж цалин хэмээн томъёолох нь хэр бодитой бас оновчтой вэ.

Дахиад нэг эргэлзээ. ҮСХ-ны дурдсанаар одоогийн байдлаар манайд 38.5 гаруй мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 84.3 хувь буюу үнэмлэхүй олонхыг 1-9 ажилтантай аж ахуйн нэгжүүд бүрдүүлж буй. Гэтэл бичил гэж хэлж болохоор 1-9 хүнтэй аж ахуйн нэгжийн сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг хэмээн статистик мэдээлэлд дурджээ. Бизнесийн салбарын цөмийг бүрдүүлж буй бичил “бүлэг”-ийн цалин 600 мянган төгрөгт хэлбэлзэж байхад улсын дундаж цалин үүнээс 300 мянган төгрөгөөр илүү байх нь. Хэр үнэмшилтэй сонсогдож байна.

Ийм эргэлзээ дагуулсан тоон дүнгүүдийг статисикийн байгууллага тооцоолоод удаж байна. Мэдээж нийт ажилчдын цалингийн зөрүү хэт өндөр бас олон салбарын дүнг нэгтгэхээр ийм дүн гарахыг үгүйсгэхгүй. Энд тус байгууллагын тооцооллын алдаа мадагийг хөндөх гэсэнгүй. Гагцхүү бодит байдлаас хол зөрүүтэй үр дүнд итгэж, бодлогын луужин болгож шийдвэр гаргахад ашиглахад хэр зүйтэй вэ гэдэг л байна.

Дундаж цалингийн тооцоолол бол ганцхан жишээ. Ер нь тоо тойрсон эргэлзээ үүгээр дуусахгүй. Ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийн судалгааг ч Монгол Улс үнэн, зөв хийж байгаа нь бас эргэлзээтэй. Өнгөрсөн жилүүдэд ажилгүй иргэдийг тогтоосон Хөдөлмөрийн яам болон Статистикийн байгууллагын тоон мэдээлэл зөрдөг байсан. Аргачлалыг нь өөрчилсөн ч өнөөг хүртэл хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тооцоолол сул хэвээр. Өнгөрсөн онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх мэргэжилтнүүд Монгол Улсын хөдөлмөрийн статистикийн аргачлалд судалгаа хийсэн.

Шинжилгээгээр одоогийн аргачлал олон улсын стандартад зарим талаар нийцэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Монгол Улсын хөдөлмөрийн статистикийн систем нь Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хянахад шаардагдах зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн 60 орчим хувийг тооцох чадвартай гэсэн үнэлгээг олон улсын мэргэжилтнүүд өгсөн байна. Иймд үзүүлэлтийн чанарыг сайжруулж, тооцох чадавхийг нэмэгдүүлэх нь чухал төдийгүй сул ажлын байрны тоог нарийн тооцож, ажиллах хүчний дутуу ашиглалтыг хэмжих зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөгөө өгчээ.

Өнөөг хүртэл бид ийм дутуу, дулимаг тооцоонд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо тодорхойлж ирлээ. Гүйцэд биш тооцоо судалгаа оновчгүй бодлогын эх үндэс байсан нь манай хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас харж болно.

Улс орны хөгжил статистик тоо яагаад чухал байдгийн баталгаа нь энэ. Аливаа шийдвэрийн тулах цэг нь мэдээлэл, статистик байдаг бөгөөд түүнд үндэслэн бодлого тодорхойлдог. Гэтэл бодлогын жанжин шугам болсон дата, мэдээлэл ташаа эсвэл дутуу дулимаг бол түүнийг дагаад бодлого ч алдаатай болж байна.

Нэг үгээр хэлбэл статистик нь бодлогын луужин болдог. Ялангуяа, эрчимтэй хөгжиж буй өнөөгийн нийгмийн бүх үе шатыг тоон мэдээллээр илэрхийлэх, статистикт үндэслэн дүгнэлт хийх, хөгжлийн замаа тодорхойлох шаардлага улам нэмэгдсээр байна. Тиймээс ч улс орнууд тоон мэдээллийн хойноос хошуурдаг.

Учир нь дата мэдээлэл нь хүч чадал, давуу талыг дагуулж байдаг. Мэдээлэл, тоон үзүүлэлт ийм үнэ цэнэтэй, ач холбогдолтой болчихоод байхад бид өнөө хэр бодит байдлаа зөв тооцож чадахгүй байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ