Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусав
Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж дуусчээ. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ, шинжилгээ хийсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хүлээлгэн авна гэдгийг дэд сайд Д.Загджав хэлсэн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Энэтхэг улсаас Монгол Улсанд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабутай уулзах үедээ энэ талаар ярилцсан байна. Дэд сайд манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг хөнгөлөлттэй зээл олгосонд талархаад, энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Олон улсын эрчим хүчний форум ирэх сарын 10-12-ны өдрүүдэд Шинэ Дели хотод болно. 16 дахь удаагийн Олон улсын эрчим хүчний форумын Сайд нарын уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг оролцохыг урьсан юм. Тус уулзалтад дэд сайд УУХҮ-ийн сайдыг төлөөлж, Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцох болжээ.
Иймд форумын үеэр Энэтхэгийн Уул уурхайн сайд болон уул уурхайн компанийн төлөөлөлтэй уулзах хүсэлтийг дэд сайдад тавилаа. Түүнчлэн Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар тодорхой мэдээлэл хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ