Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хэлэлцүүлэг болов
Өчигдөр тохиосон “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Санхүүгийн зохицуулах хороо “Санхүүгийн хэрэглэгчийн хамгааллын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны болон банкны салбарын 150 гаруй төлөөлөгч, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, санхүүгийн хэрэглэгч, тэдний эрх ашиг, түүнийг хамгаалах болон хангах тогтолцоо зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
“Бид тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үйлчлүүлэгчийн өргөдөл, гомдлын мэдээллийн нэгдсэн санг бий болгож, тэдгээрийг хүлээн авах, барагдуулах, шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээлэх ажлыг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан хэлэлцүүлгийг нээхдээ онцолсон юм. Учир нь Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар санхүүгийн үйлчлэгч, хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг хуулийн дагуу шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэдэг юм. Хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд маргааны талууд шүүхэд ханддаг.
Шүүхийн өмнөх шатанд маргаан шийдвэрлэх энэхүү эрх Хороонд өндөр хариуцлага ногдуулдаг бөгөөд энэ үйл ажиллагааг тогтолцооных нь хувьд боловсронгуй болгох шаардлага бий болгож буйг тэрээр чухалчлан дурдсан юм. Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарт технологийн дэвшил багагүй нэвтэрч, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэмжээ нэмэгдэж, тэр хэрээр хүртээмж тэлж буй ч нөгөө талд хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах технологийн хөгжүүлэлт ихээхэн хоцрогдож буйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд “Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өнөөгийн тогтолцоог шинэчлэх талаар Азийн хөгжлийн банкнаас /АХБ/-наас өгсөн зөвлөмж”-ийг хэлэлцсэн бөгөөд Хорооны дэд дарга Д.Баярсайхан, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн, ахлах хянан шалгагч А.Авир болон АХБ-ны төслийн зөвлөх Ш.Алтанхуяг нар удирдан явуулав. Зөвлөмжид санхүүгийн харилцагчийг хамгаалах бие даасан хуулийн зохицуулалттай болох, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, тайлан мэдээний үр өгөөжийг сайжруулах, хэрэглэгчийг хамгаалах бүтэц, тогтолцоо бий болгох зэрэг олон асуудлыг тусгасан байна.
Энэ үеэр Хороо “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т санхүүгийн зах зээлд оролцогчдын эрхийг хамгаалахад чиглэсэн мэдээллийн ил тод байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэднийг зөвлөгөө мэдээллээр хангах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх гэх мэт тодорхой зорилтуудыг тусгуулсан, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгааг мэдээлсэн юм. Үүний хүрээнд санхүүгийн байгууллагуудаас олон нийтэд тавьж буй тайлан мэдээллийг шинэ стандартад оруулах, хэрэглэгчийн судалгааг зохистой явуулж, төлбөрийн чадавхид нь тохирсон үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тогтоох зэрэг ажлууд эхлүүлээд байгааг ч дэлгэрэнгүй танилцуулав.
Хэрэглэгч, харилцагчийн эрхийг хангах, хамгаалах талаар тал бүрт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнг дээшлүүлэх, уялдуулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Монголын Ипотекийн Корпораци, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран явуулж байгаа “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хүрээнд, мөн НҮБ-ын шийдвэрээр дэлхий нийт 1983 оноос, Монгол Улс 2003 оноос тэмдэглэж буй “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулснаараа хэлэлцүүлэг онцлог болсон юм.
Хэлэлцсэн асуудлуудыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлж, зохицуулалтын бодлого, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, гэрээний харилцаа болон зохицуулалтын технологийг хөгжүүлэх шаардлагатай талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж, зохих түвшинд хамтран ажиллахаар тогтов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ