“Говь” ХК-ийн борлуулалтын орлого 124 тэрбум төгрөгт хүрчээ
“Говь” хувьцаат компанийн борлуулалтын орлого 2017 онд 124.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 40.3 хувиар өссөн байна. Тус компани 2021 онд борлуулалтаа 300 тэрбум төгрөгт хүргэхээр зорин ажиллаж байгаа аж.
Монголын Хөрөнгийн биржээс танилцуулсан санхүүгийн тайланд тусгаснаар өнгөрсөн онд “Говь” компанийн цэвэр ашиг 8.4 хувиар өсөж, 17.5 тэрбум төгрөгт хүрчээ. “Говь” компани 2017 оны цэвэр ашгийн 10 орчим хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Нэгж хувьцаанд 220 төгрөг буюу нийт 1.7 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ олгох шийдвэр гаргажээ.
Ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тараахаар болсон байна. Тус компани сүүлийн найман жил тасралтгүй хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгож байгаа юм. “Говь” компани 100 хувь ноолууран пальто үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх, борлуулагч болох зорилт тавин ажиллаж байгаа аж.
Тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 80 гаруй хувиар өссөнөөр 24 мянган төгрөг болоод байна. 2017 оны 11 дүгээр сард 34 мянган төгрөгийг давж дээд цэгтээ хүрч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ