"Уур амьсгалын ногоон сан "-аас 190 сая ам.долларын санхүүжилт авна
Азийн хөгжлийн банк Монгол Улс болон Камбож, Тажикистанд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулж "Уур амьсгалын ногоон сан"-аас 190 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон байна. Үүнээс 85 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, 105 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл байх ажээ.
Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүсэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд 2020 он гэхэд өөрийн эх үүсвэрээр жилд зургаан тэрбум ам.долларын санхүүжилт олгох зорилт тавиад байна.
"Уур амьсгалын ногоон сан"-ийн санхүүжилт нь "Хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийг бууруулах, улс орнуудад Парисын хэлэлцээрийн хүрээнд өгсөн үүрэг амлалтаа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой" гэж Азийн хөгжлийн банкны мэдлэгийн менежмент, тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгч Бамбан Сусантоно тайлбарлажээ.
Монгол Улс Азийн хөгжлийн банк болон бусад талуудын хэрэгжүүлэх 399 сая ам.долларын төсөл хөтөлбөр дээр нэмж "Уур амьсгалын ногоон сан"-аас 50 сая ам.долларын буцалтгүй тусламж, 95 сая ам.долларын зээл авна.
Энэхүү санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллын 100 га талбайг эко орчин болгох, 10 мянган ногоон сууц барих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Азийн хөгжлийн банк 2017 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрүүдэд зориулж өөрийн эх үүсвэрээс 4.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ