“ДЦС-4" ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Эрчим хүчний Сайдын зөвлөл гуравдугаар сарын 6-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн болон Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар “Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл, үнэ тариф”, “ДЦС-4 ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн насжилтыг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”, “Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны төлөвлөгөө”, “УБЦТС, УБДС ТӨХК-үүдийн цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, оновчтой бүтэц зохион байгуулалтад оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан”-г тус тус сонсож, хэлэлцлээ.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн тусгай зөвшөөрөл, үнэ тарифын асуудлыг Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн танилцуулав. Хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж батлуулах, үнийг бууруулах, тарифыг доод хязгааргүй болгох, мастер төлөвлөгөө боловсруулах, Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, тусгай зөвшөөрөл болон эрчим хүчний системийн тогтвортой байдалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах болон холбогдох үүрэг даалгавруудыг харьяа газар, хэлтсүүдэд өгөхөөр шийдвэрлэв.
“ДЦС-4” ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн насжилтыг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил 2018-2019 оны их засварын хүрээнд хийгдэнэ. 2017 оны аравдугаар сард үйлдвэрлэгч байгууллага /ОХУ-аас шинжилгээний баг/ -ын хийсэн металийн болон бусад шинжилгээ хийгдсэн байна.
Мөн Засгийн Газрын 2018 оны нэгдүгээр сарын 3-нд гарсан тогтоолоор дээрх ажлуудыг 2018-2019 оны их засварын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон. Шинэчлэл, засвар хийгдсэнээр цахилгааны хүчин чадал 89 МВт-аар, дулаан 150 Ккал/цагаар, насжилт 35 жилээр тус тус нэмэгдэх юм.
Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ