Шатахууны үнийг тогтвортой барих зөвлөмжийг хүргүүлэв

Засгийн Газрын хоёрдугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудынхамтарсан зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Тус зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахалж буй. Шинэчлэн байгуулагдсан Зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ оны гуравдугаар сарын нэгний өдөр боллоо. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн дараах зөвлөмжийг гаргав. Үүнд:

  • Өмнөх саруудад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өссөн, импортын үнэ өндөр байснаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд одоо ч алдагдалтай ажиллаж байгаа боловч 3 дугаар сарын шатахууны хилийн үнэ буурсан, 4 дүгээр сараас эхлэн зуны дизель түлшний хэрэглээнд шилжихтэй холбоотойгоор дизель түлшний үнэ багасах төлөвтэй, Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш чангарах төлөвтэй байгаа зэрэг шалтгаануудыгхаргалзан үзэж жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг тогтвортой байлгах Зөвлөмжийг шатахууны худалдаа эрхлэгч компаниудад хүргүүлэх.
  • Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаад болон жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулж байгаад хяналт тавьж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагад даалгах зэрэг болно.

2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоног газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 62, Аи-92 болон Аи-95 автобензин 31, дизелийн түлш 42, ТС-1 онгоцны түлш 47 хоногийн нөөцтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ