"Алтны салбарынхан хүнд, хэцүү бүхэнд нухлагдаж байна"
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр алтны салбарын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох мэргэжилтнүүд, АМГТГ-ын төлөөллөөс гадна алтны үйлдвэрлэл эрхлэгчид оролцов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, эдийн засаг үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна” гэв.
Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувь, ДНБ-ий 20 хувь, улсын төсвийн нийт орлогын 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд Монгол банкинд 17.5 тонн алт тушаагдаж, улсын төсөвт 49 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Энэ нь уул уурхайн салбараас төвлөрүүлсэн нийт орлогын 3.1 хувьтай тэнцэж буйтул салбарын сайдын зүгээс чамлалттай үзүүлэлт болохыгонцолж байлаа.
Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд "Алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 2.5 хувиар тогтоож өгснөөр Монгол банкинд алт тушаалт нэмэгдэж, валютын нөөц нэмэгдсэн. Одоо улсын төсөвт төвлөрч буй 49 тэрбум төгрөгийг өсгөе гэвэл эргээд алт тушаалт багасах өндөр эрсдэлтэй. Алтны салбарынхан өнөөдөр хүнд хэцүү бүхэнд нухлагдаж байгаа. Тиймээс төр, ААН-үүдийн ойлголцол хамгаас чухал байна. Өнөөдрийн байдлаар алт олборлолтыг идэвхтэй явуулж буй 85 ААН байгаа" гэлээ.
Төрийн зүгээс алтны салбараас улсын төсөвт төвлөрдөг мөнгөн хэмжээ хэт бага. ААН-үүд тайнгаа балансаа ч цаг тухайд нь өгдөггүй. Монголбанкинд иргэдийн нэрээр алтаа тушааж буй нь татвараас зугтааж буй хэлбэр гэсэн ерөнхий байр суурийг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлэв.
Харин ААН-үүдийн зүгээс татварын хэмжээ хэт их тул иргэний нэрээр тушааж, үйл ажиллагааныхаа зардлыг олохоос өөр аргагүй байдаг. Төрийн үйл ажиллагаанууд хэтэрхий удаашралтай явагддаг. Орон нутгийн иргэдийн эсэргүүцэл их байгаагаас үүдэн үйл ажиллагаа явуулахад цаг алдаж, хүндрэл үүсдэг талаар байр сууриа илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ