"Эрдэнэс Тавантолгой" -н 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэнэ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, тус компанийн баланс дээрх 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм.
“Эрдэнэс Тавантолгой”нь нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.
1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх хэмээн ТУЗ нь үзсэн байна. 'Эрдэнэс Тавантолгой' өнгөрсөн онд 438 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус компани Чалкогийн өрийг өнгөрсөн онд бүрэн барагдуулж дууссан аж.
Иргэн та 'Эрдэнэс Тавантолгой'-н хувьцаагаа баталгаажуулахын тулд брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах өөрийн эзэмшлийн болгох ёстой. Хэрвээ арилжаа хийдэг данстай бол 'Эрдэнэс Тавантолгой'-н хувьцаа тухайн дансантай тань холбогдсон гэсэн үг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ