"Эдийн засгийн коридор"-оор эргэлт хийх цаг ойрхон

Дэлхийд томоохонд тооцогдох эдийн засагтай Хятад, байгалийн асар их баялагтай ОХУ-ын дунд орших Монгол орны эдийн засгийн хөгжил хоёр хөрштэй харилцах харилцаанаас шалтгаалах тул энэ хоёрыг холбосон коридор (дэд бүтэц) байгуулах асуудал манай улсын хувьд нэн тэргүүний зорилт байх ёстой.

ОХУ, БНХАУ, Монголын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын экспертүүдийн анхдугаар уулзалтын үр дүнд цаашид авах арга хэмжээ болон хэлэлцэн тохиролцсон асуудлаар протокол байгуулж байсан юм.

Гэтэл яг нэг жилийн дараа буюу энэ сарын 27-ны өдөр болсон ОХУ-Монголын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хурлын үеэр гурван улсын эдийн засгийн коридорийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотод гурван талын шинжээчдийн уулзалтыг явуулж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тохирохоор товлосон юм.

Монгол Улс бүс нутгийн төдийгүй, дэлхийн нийгэм, эдийн засгийн интегралчлалд өөрийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлж, дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж байна.

Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийх худалдаа тээвэрлэлтэд оролцох, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байна.

Манай улсын хувьд тээврийн зардлын хэмжээг бууруулах шаардлагатай байгаа. Тээврийн өртөг бусад орнуудаас 4-5 дахин өндөр байдаг. Эдийн засгийн коридорыг байгуулах гурван улсын хооронд 32 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тодруулбал баруун, зүүн, хойд коридорын төмөр зам авто замын төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх юм.

Зүүн төв, хойд коридорын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажил бэлэн болж байгаа аж.Мөн 1116 км төмөр замын шинэчлэлтийн ажлыг ОХУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлээр хийнэ. Автозамын хувьд аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхтэй уялдуулан бүс нутгуудыг авто замаар холбохоор төлөвлөсөн байна.

“Монголын Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” ОХУ, Евро-Азийн эдийн засгийн холбооны санал санаачилгыг уялдуулахад талуудын Засгийн газар болон салбарын яамнаас анхааран ажиллаж байна.

Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухайд Хятадаас Европыг чиглэсэн чингэлгийн тоо, галт тэргийн хэмжээ 3.3 дахин нэмэгдсэн сайн үзүүлэлт гарсан. Мөн 11 жил тасарсан ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээ өссөн гээд эхнээсээ ахиц гарсаар буй юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ