Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрчээ

Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зэрэг банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны жилийн эцсийн үр дүнг нэгтгэсэн тойм мэдээллийг өглөө. Эдгээр салбарууд нь дунджаар 25 хувийн өсөлттэй ажилласныг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун салбар тус бүрээр танилцуулсан юм.

Хурлаар хөрөнгийн зах зээлийн бүхий үзүүлэлтүүд өссөн, Үнэт цаасны зах зээлийн багтаамж түүхэн дээд хэмжээнд хүрсэн, Даатгалын хураамжийн орлого 26.1 хувиар нөхөн төлбөр 31.9 хувиар өссөн, ББСБ-дын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт зээлийн нийлүүлэлт эрс нэмэгдсэн, Хадгаламж зээлийн хоршоодын олгосон зээл сүүлийн 9 жилд байгаагүй хэмжээнд хүрч, чанаргүй зээл 22 хувиар буурсан зэрэг өнгөрсөн оны жилийн эцсийн дүнг танилцуулав.

Тухайлбал, Үнэт цаасны салбарт зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрч 2016 оноос 65.9 хувиар өссөн нь өмнө нь гарч байгаагүй түүхэн дээд түвшин юм. Мөн шинээр гаргасан үнэт цааснууд бүгд өндөр амжилттай арилжаалагдсан нь тус салбарт зах зээлийн эрэлт нэмэгдсэнийг харууллаа. Хөрөнгийн зах зээлд нийт 52 ҮЦК болон Хорооны үнэт цаасны бүртгэлтэй 300 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд анхдагч зах зээлийн арилжаагаар 6.7 сая ширхэг үнэт цаасыг 630.2 тэрбум төгрөгөөр арилжсан бол ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1.4 сая ширхэг үнэт цаасыг 142.3 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. 2017 онд салбарын нийт арилжаа 860.8 төгрөгт хүрч, хувьцааны арилжаа 78.1 тэрбум, ЗГҮЦ-ын үнэт цаасны арилжаа 772.5 тэрбум, компанийн арилжаа 10.2 тэрбум төгрөг байлаа.

Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ 244.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноосоо 17.4 хувиар өссөн бол цэвэр ашиг 15.7 хувиар нэмэгдэв. Ердийн даатгалын компаниудын цэвэр ашиг 8.7 тэрбум, урт хугацааны даатгалын компанийн цэвэр ашиг 0.2 тэрбум, давхар даатгалын компанийн цэвэр ашиг 4.3 тэрбум төгрөгт тус тус хүрлээ.

Харин Банк бус санхүүгийн зах зээлд нийт 534 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа ба 90 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа ба салбарын нийт хөрөнгийн хэмжээ 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноосоо нийт хөрөнгийн хэмжээ 23.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Уг салбарын хөрөнгийн хэмжээ нэмэгдсэнээр зах зээл дэх зээлийн нийлүүлэлт өсч, хүүгийн түвшин буурсан байна. Мөн нийт зээлийн хэмжээ өмнөх оноос 33.4 хувиар өсөн 638 тэрбум төгрөг болж, нийт ашиг 13 хувиар нэмэгдэж 66.8 тэрбум төгрөг болов.

Хадгаламж, зээлийн хоршооны салбарын тухайд гишүүдийн тоо 55.624 болж, нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөг болсон нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт боллоо. Түүнчлэн салбарын нийт зээл 105.2 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй зээлийн хэмжээ 1.2 пунктээр буурсныг өнөөдрийн хурлын үеэр онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ