"Монголын банкууд бусад орнуудад үлгэр дуурайл болсон"

Монголын банкууд өөрсдийн зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаанд тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг тусган амжилттай хэрэгжүүлж байгаа талаар өнөөдөр Дэлхийн Банкнаас мэдээлэл хийлээ.

Тухайлбал Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн /IFC/ дэмжлэгтэй ажилладаг Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан тайланд энэ талаар дурджээ.

Тогтвортой санхүүжилт гэдэг нь банк санхүүгийн байгууллагууд зээл, санхүүжилт олгохдоо тухайн төсөл байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгах тодорхой зарчим, аргачлал нэвтрүүлэхийг хэлнэ. Цаашлаад ногоон зээл олгох, байгаль орчинд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой санхүүжүүлэх урсгалыг бий болгох үйл явц ажээ.

Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайланд Монгол Улс хамгийн их амжилт гаргасан 8 орны нэгээр нэрлэгдсэн байна.

Тайлангийн үр дүнгийн тухай ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нгуен “Монгол Улсын санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшлийн талаар танилцуулах болсондоо баяртай байна. Банк, санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх тал дээр Монголын банкууд нэлээн ахицтай ажиллалаа. Дэлхийн хөгжиж байгаа бусад орнуудад үлгэр дуурайл болсон гэдгийг онцлон тэмдэглэе.

Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яв гэсэн үг байдаг. Монголын банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж байгууллагууд хамтарч ажилласан явдалд талархал илэрхийлье. Дөрвөн жилийн өмнөөс энэ хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлсэн. Тогтвортой санхүүжилтийн холбоо 2012 онд ОУСК-ийн дэмжлэгтэй үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш Монгол Улс маш идэвхтэй гишүүний нэг байсан юм.

2014 оноос Монгол Улсад Тогтвортой санхүүжилтийн зарчмуудын санаачилга гэсэн үйл явцыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар Тогтвортой санхүүжилтийн холбоонд 34 улс орон гишүүнээр ажиллаж байгаа нь дэлхийн хөгжиж буй орнуудын санхүүгийн хөрөнгийн 85 хувийг бүрдүүлж байна.

Санаачилга хэрэгжүүлж эхэлснээс хойш анхдугаар тайлан гарлаа. Судалгаанд 15 улс орон хамрагдсанаас Монгол Улсын санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшил нь манлайлах түвшинд байсныг тэмдэглэх хэрэгтэй. 34 орноос хамгийн их амжилт гаргасан орнуудын нэг нь Монгол боллоо.

Монголын Банкуудын Холбоо нь Киргиз, Мьянмар улсуудад Тогтвортой санхүүжилтийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхээ бидэнд илэрхийлээд байна” гэлээ.

Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол банкууд активын чанарын үнэлгээ хийлгэж, сорилтыг амжилттай даван тууллаа. Бид ОУСК-тай хамт байж, тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох үйлсэд тодорхой амжилт гаргаж, бусад улсуудын жишиг болсондоо баяртай байна.

Энэ бол Монголын хувийн сектор, банкны салбарын хувьд чухал дүр төрх боллоо. Тиймээс бид ирээдүйд улам хариуцлагатай ажиллах сорилт бидний өмнө тулгарч байна.

Ногоон зээлийн санг байгуулах ажлыг бид сүүлийн хоёр жилийн хугацаанд идэвхтэй ярьж байна. Монголын банкны холбооноос Тогтвортой санхүүжилтийн холбоог тусад нь байгуулсан. Энэ холбоогоор дамжуулан гуравдугаар сард Ногоон зээлийн санхүүжилтийн асуудлыг Дэлхийн уур амьсгалын санд тавьж, санхүүжилт авч, зээлийн механизм бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр Ногоон зээлийн санг бүрдүүлнэ” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ