Эдийн засгийн "эерэг" хүлээлт
Манай улсын эдийн засаг хэд хэдэн мөчлөг дагаж өгсөж урууддаг. Тодруулбал, уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөг, байгаль цаг уурын мөчлөг,улс төрийн мөчлөг байдаг.
Дөрөв, дөрвөн жилийн давтамжтайгаар төрийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилждэг энэхүү мөчлөг эдийн засагт үлэмж нөлөөтэй төдийгүй өнгөрсөн хугацаанд уг мөчлөг улам бүр богиносох болсон.
Сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар зайлшгүй солигддог болсноор улс төрийн мөчлөг нэг Засгийн газрын насыг дагаж 1.6 жил болж богиносчээ. Энэ нь эдийн засаг, бизнесийн эрхлэгчдийн үйл ажиллагаанд их, багаар нөлөөлж буйг улстөрчид төдийлөн ойшоолгүй явсаар буй.
2018 он бол энэхүү богинохон мөчлөг дунд тохиож буй хамгийн таатай он юм. Энэ онд сонгууль тохиохгүй, Засгийн газар солигдохгүй. Улстөржих шаардлагагүй, урдах ажлуудаа урагшлуулах боломж бүхий он юм.
Эдийн засагчдын прогнозоор бол алт тушаалтын хэмжээ ойрын гурван жилдээ тогтвортой хадгалагдах төлөвтэй байгаа бол ирэх гурван жилд экспорт 14 хувиар өсөх хүлээлттэй байгаа аж.
Экспорт өсөх хандлагын цаад суурь шалтгаан нь Хятад улс нүүрс илүү худалдан авч байгаатай ихээхэн холбоотой. 2017 оны ажиглалтаар бол нийт экспортын 40 хувийн өсөлтийн 97-98 хувийг нь зөвхөн нүүрсний экспорт дангаараа эзэлж байгаа юм.
Хятадын өсөлт цаашид 7 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь бидэнд таатай нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид харж байна. Тус улсын коксжих нүүрсний зах зээл дээр Монголын сайн чанарын нүүрсгүйгээр Хятадын аж үйлдвэрийг төсөөлөх аргагүй. Хятадууд Монголын үнслэг багатай сайн чанарын нүүрсийг авч, дотоодын нүүрстэйгээ хольж аж үйлдвэрийнхээ гол түүхий эд болгож хэрэглэдэг юм.
Хамгийн чухал нь эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой, элдэв сонгуульгүй энэ жилд тэрхүү өсөлт, эерэг үр дагавруудыг ажлын байр, бодит бүтээмж, хөрөнгө оруулалт, хуримтлал болгож чадах эсэх нь эрх баригчдын бодлогоос шалтгаалах юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ