"Банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал 400 тэрбум төгрөг байна"
Монголбанкнаас өнөөдөр арилжааны банкуудад хийгдсэн Активын чанарын үнэлгээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Активын чанарын үнэлгээний үр дүнд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдал 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувь гарсан. Систем энэ зэргийн дутагдлыг аваад гарахаар харагдаж байгаа.
Монголбанкны зүгээс зөвхөн системийн дутагдлыг олон нийтэд мэдээлэхээр шийдсэн. Банк тус бүрээр мэдээлэл гаргахгүй” гэв.
Харин цаашид авах арга хэмжээний тухай тэрбээр "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ гэж байгаа. Энэ хүрээнд бүх банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төлөвлөгөөгөө бизнес төлөвлөгөөний хамт Монголбанканд ирүүлнэ. Эцсийн тоог гуравдугаар сард тогтоож банкуудад мэдэгдэнэ" гэв.
Манай улсын ДНБ 2017 оны байдлаар 20 орчим их наяд төгрөг байна. Үүний 2 хувь гэвэл банкуудад 400 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ