Нийслэлд оффисын 365 барилга байна

Нийслэлд одоогоор оффисын зориулалтаар ашиглагдаж байгаа болон баригдаж байгаа 427 барилга байна. Харин энэ онд баригдахаар төлөвлөгдөж байгаа 28 оффисын барилга байгааг “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ.

Оффисын зориулалтаар ашиглагдаж байгаа 365 барилга байгаа бол хэрэгжиж байгаа 62 төсөл байгаа аж. Оффисын төслүүдийг байршлын хувьд гурван бүсэд ангилж үздэг. Үүнээс нийт оффисын 14 хувь нь А бүсэд, 57 хувь нь B бүсэд, харин 29 хувь нь C бүсэд байрлаж байгаа гэдгийг “Барилга эм эн”-ээс мэдээллээ.

2010 оноос өмнө оффисын зах зээл төдийлөн идэвхтэй бус тухайн үед нийлүүлэгдэж байсан барилгууд нь томоохон компаниудын хэрэгцээндээ зориулан барьсан оффисууд байжээ. Харин сүүлийн жилүүдэд энэхүү зах зээл идэвхтэй хөгжиж, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болсон талаар “Барилга эм эн” онцолж байна. Үнийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан компаниуд богино хугацаатай, хямд үнэтэй оффисыг сонгох хандлагатай байгааг онцолж байгаа юм.

Ингэснээр зах зээлийн ерөнхий үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байна. Оффисын талбайн худалдах дундаж үнэ нэгдүгээр сард өмнөх сараас 1.04 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 1.39 хувиар буурчээ. Өнөөдрийн байдлаар нэг ам метр оффисын талбайн худалдах дундаж үнэ гурван сая 504 мянган төгрөг байгаа аж. Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт оффисын талбай худалдах болон түрээслэх үнэ хамгийн өндөр байна. Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн оны нэгдүгээр сард оффисын худалдах дундаж үнэ таван сая төгрөг байсан бол энэ оны нэгдүгээр сард 4.1 сая төгрөгт хүрч буурч, Хан-Уул дүүрэгт өсөөд байна.

Оффисын талбайн худалдах дундаж үнэ сүүлийн саруудад бага зэрэг бууралттай байгаа бол түрээсийн дундаж үнэ 2017 оны дөрөвдүгээр сараас хойш өссөн үзүүлэлттэй байжээ. Харин нэгдүгээр сард өмнөх сараас 2.14 хувиар буурсан байна. Нэг ам метр оффисын талбайн түрээсийн дундаж үнэ 22 мянга 524 төгрөг байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ