“ЛэндМН” компанийн хувьцааны захиалга эхэллээ
2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захиалга өнөөдрөөс эхэлж, “Цан цохих ёслолын ажиллагаа” Монголын Хөрөнгийн Бирж дээр боллоо.
Хиймэл оюун ухаанд суурилан бүтээгдсэн аппликейшнээр хурдан хугацаанд, хялбар аргаар зээл авах нь Монголын санхүүгийн салбарт цоо шинэ, дэвшилтэт үйлчилгээ болоод байна. Энэхүү үйлчилгээг хэрэглэгчдэд анх таниулсан “ЛэндМН” компани ийнхүү хувьцааныхаа 25 хувийг хөрөнгийн зах зээлд гаргаснаараа олон нийтийн компани боллоо.
Хувьцааны тухай мэдээлэл:
Хугацаа: 2018 оны хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 7-ны 13:00 цаг хүртэл
Нэгж хувьцааны үнэ: 25 төгрөг
Анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ: Компанийн 25 хувь, 5 тэрбум төгрөг
Санхүүжилтийн зорилго: Үндсэн үйл ажиллагаа болох зээлийн эх үүсвэр
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “ЛэндМН компанид гурван онцлог бий. Нэгдүгээрт Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа гаргаж буй анхны банк бус санхүүгийн байгууллага, хоёрдугаарт старт-ап компани, гуравдугаарт технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг хүргэдэг өвөрмөц шийдэл бүхий компани юм.
“ЛэндМН” компанийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Очир “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай компани давхардсан тоогоор 140 мянган зээл олгосон байна. Идэвхтэй 30 мянган зээлдэгчтэй боллоо. Зээлийн багцын чанар 30-аас дээш хоногтой нь 2 хувиас бага байна. Энэ нь салбарын хугацаа хэтрэлттэй харьцуулахад хэд дахин бага, маш сайн үзүүлэлт юм.
Бид төлөвлөснөөрөө ажиллавал өөрийн хөрөнгийн өгөөж 20-30 хувийн хооронд тогтвортой явна. Энгийнээр тайлбарлавал 25 төгрөг маань жилдээ 20-30 хувиар өснө гэсэн үг.2017 оны мэдээнээс харахад банкны салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 8 хувьтай байсан. Үүнтэй харьцуулахад 2-4 дахин өндөр байх боломжтой.
Бид өнгөрсөн жил үйл ажиллагаагаа жигдрүүлж, бэлтгэлээ маш сайн хийсэн. Засаглалын хувьд ч анхаарч стратегийн хөрөнгө оруулагчийг татаж байгаа. Хэдийгээр үйл ажиллагаа жижиг ч гэсэн дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг Эрнст энд Янгаар аудитаа хийлгэлээ.
Одоогоор бид нийт зах зээлийнхээ 10 хувьд л хүрч ажиллаж чадаж байгаа. Цаашид энэ тоо өсөх бүрэн боломжтой. Хуримтлал хийж амжаагүй байгаа ч тогтмол орлоготой хүн бүр манай боломжит харилцагч юм” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ