"Шивээ-Овоо"-д шинэчлэл хэрэгтэй байна

Нүүрсний салбарт төрийн өмчит хоёрхон компани бий. Багануур, Шивээ-Овоо ХК. Тэдний хувьд эрчим хүчний салбарын өмнө маш өндөр хариуцлага хүлээдгийн хувьд алдагдалгүй ажиллах ёстойгоос гадна үйл ажиллагаа нь тогтвортой, доголдолгүй, найдвартай байх учиртай.

Ийм хэмжээнд ажиллахын тулд техник технологийн найдвартай ажиллагаа цаашлаад ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал.

Монголчуудын амьдрал жилээс жилд хөгжин дэвжиж, тэр хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж буй цаг дор бид аж төрж байна. Тэр хэрэглээний эх үүсвэр нь уурхайн тогтвортой ажиллагаа болж байдаг. Шивээ-Овоогийн хувьд IV цахилгаан станцын нүүрсний нийт хэрэглээний 51 хувийг дангаараа нийлүүлдэг аж.

Гэтэл 27 жилийн түүхтэй уг компани тун удахгүй хаалгаа барих дээрээ тулчихаад байна. Учир нь уурхайн хувьд 1998 оны Япон-Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр л техникийн шинэчлэлт хийгджээ.

Түүнээс хойш шинэчлэл бараг хийгдээгүй, урсгал засвар маягаар явж ирсэн аж. Ийм нөхцөлд хоёр сая тонн нүүрс олборлоно гэдэг бол угтаа маш том амжилт. Тэдний хувьд Японы техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ч ашиглаж байгаа техникийн хэрэгсэл хоцрогдож, сэлбэг хэрэгслийг нь үйлдвэрлэхээ больсон аж. Мэдээж хэрэг олон жил ашигласан техник, тоног төхөөрөмж элэгдэнэ, хуучирна, эвдэрнэ.

Тэр хэмжээгээр эвдрэл саатал маш их гарна. Эвдрэл саатлыг тухайн үед нь засаад явчихаж болох ч хамгийн хэцүү нь ашиглалтын зардал өсдөг явдал. Ашиглалтын зардал ихэснэ гэдэг маань эргээд үйлдвэр ашигтай ажиллах, өртөг зардлаа хэмнээд ашиг алдагдлаа тэнцүүлэх боломж нь багасчихаж байгаа юм.

Мөн эрчим хүчинд нийлүүлж байгаа нүүрсний үнийг төрөөс бодлогоор барих болсон. Энэ бүхэн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай алдагдалд орох гол шалтгаан болж иржээ.

Мөн Шивээ-Овоо компани түлш нийлүүлдэг компаниудад маш их өртэй гэнэ. Өнгөрсөн онд бүр түлш нийлүүлдэг компаниуд мөнгөө төл гээд түлшээ өгөхөө больсон аж. Монгол Улсын эрчим хүчийг хангаж байгаа компани ийм байдалд байна гэвэл хүн итгэхгүй.

Хоёр сая тонн нүүрс олборлож байгаа компани замын колонкийн түлшийг хамж авчраад уурхайгаа явуулж байна гэхэд итгэхэд бэрх. Гэхдээ тэд ийм байдалд хүрсэн нь үнэн. Энэ асуудал дээр Засгийн газар үнэхээр анхаарахгүй бол болохгүй байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ