МХБ-ийн шинэчлэгдсэн журмуудыг танилцуулах сургалт болов

МХБ-ийн “Арилжааны журам”-ын нэмэлт, өөрчлөлт, “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам” болон “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгыг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2018 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр батламжилсан билээ.

Эдгээр журмуудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлын хүрээнд хоёрдугаар сарын 15-ны өдөр зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулсан танилцуулга, сургалт зохион байгууллаа.

Сургалтаар 'Арилжааны журам'-д нэмэлтээр орсон арилжааны хаалтын ханшийг сүүлийн нэг цагийн дунджаар тогтоох, багцын арилжааны ханш дээд хязгааргүй байх, үнэт цаасны захиалгын бусдад харагдах тоо ширхгийг тогтоох функц, Бүхэлд нь даруй биелэгдэх эсвэл цуцлагдах захиалга /Fill or Кill/ болон “Минимумаас их дүнгээр биелэгдэх захиалга” /MinFill - худалдах, худалдан авах хамгийн бага тоо хэмжээг зааж өгөх бөгөөд заасан хэмжээнээс бага хэмжээгээр биелэгдэхгүй байх нөхцөлтэй захиалга/ зэрэг шинэ төрлийн захиалгын тодотголуудыг идэвхжүүлсэн зэрэг өөрчлөлтүүдийг сургалтад оролцогчдод танилцуулж, арилжааны програм дээр туршиж үзүүлэв.

Түүнчлэн, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д тусгагдсан үнэт цаасны давхар бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалт, үнэт цаас гаргагч уул уурхайн компаниудад тавигдах шалгуур, шаардлагын шинэчлэлт, бүртгэлийн хураамжийн тооцооллыг зах зээлийн нийт үнэлгээнээс тооцохоор болсон тухай болон компанийн сайн засаглалыг дэмжих үүднээс нэгдүгээр ангиллын компаниудын үнэт цаас бүртгүүлэх бүртгэлийн хураамж болон жилийн хураамжид хөнгөлөлт үзүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн үйл ажиллагаатай компаниудын бүртгэлийн хураамжийг хөнгөлөх зэрэг шинээр нэмж тусгасан өөрчлөлтүүдийг танилцууллаа.

Мөн “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д индексийн тооцооллыг нарийвчилсан зохицуулалт, үнэт цаасны I, II ангиллын индексүүдийг тооцож эхлэхээр болсон тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ