Засгийн газрын "шахалтанд" Оюутолгой бүдрэх үү?
Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлсэн билээ.
Үүнийг Таван толгойн цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын байр суурийг харуулсан шийдвэр гэж Монголын Засгийн газар тайлбарлалаа.
Монгол Улсын Засгийн газар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан тул “Оюутолгой” ХХК 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар төслийг эрчим хүчээр хангах дотоодын эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор байгуулахаар болж байгаа юм.
Гэвч 2014 оны наймдугаар сарын 14-нд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” нэмэлт гэрээгээр энэ үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг манай Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байжээ. Ингэснээр Оюу толгой компани жил бүр 160 сая ам.долларын эрчим хүчийг гадаадаас импортолж байсан юм.
Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор энэ тоо цаашид өсөж жилдээ 200 сая ам.доллар буюу 500 тэрбум төгрөгийн эрчим хүчний хэрэглээтэй болно гэдгийг Эрдэнэс Монгол компаниас мэдээлсэн.
Хэрэв Оюу толгой компани анхны хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Таван толгойн цахилгаан станцыг барьж байгуулбал их хэмжээний мөнгө дотоодын эдийн засагт үлдэх боломжтой юм.
Монгол Улсын Засгийн Газар төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих тухай тогтоол шийдвэрүүдийг 2013 онд батлан гаргаж, улмаар Эрчим хүчний сайдын 2013 оны гуравдугаар сарын 19-ний 36 дугаар тушаалаар Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
“Тавантолгой цахилгаан станцыг барьж байгуулах нь өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсгүүрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрсний тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, тус бүс нутгийн эрчим хүчний системийн горимыг тогтворжуулж, найдвартай ажиллагааг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм” гэж тухайн үед Засгийн газар үзэж байв.
Хөрөнгө оруулагчид одоо төслийг эрчим хүчээр хангах бүх боломжийг судалж байгаа гэнэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоход шаардлагатай зардал, хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр гаргах аж.
Рио Тинто компани Өмнөговь аймагт цахилгаан станц барихад 2019, 2020 онд жилийн 250 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байсан гэж мэдэгджээ. Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны 51 хувийг Рио Тинто компани эзэмшдэг юм.
Нэг үгээр цуцлагдаж байгаа станцыг Хятадууд өөрийн хөрөнгөөр Монголын нутаг дэвсгэрт барих байсныг У.Хүрэлсүх саяхан эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм гээд болиулсан гэх. Нөгөө талаар Рио Тинто аль 2012 оноос өөрийн зардлаараа цахилгаан станц барина гээд бүх нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргачихаад байхад нь манай засгийн газар өөрсдөө барина гээд зогсоож байсан. Тэр цахилгаан станц одоо хаана байна вэ? Өөрсдөө хийхгүй, чадахгүй мөртөө өрөөлийг хяхаж хавчсаар байх уу?
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ