Нохой жилд нефтийн үйлдвэртэй "болох нь"
Алтан унжлагат тахиа жил шувтарч, Тийн унжлагат хэмээх нохой жил цаг тооллоо сайхан эхлүүллээ. Энэ жилд бидэнд хүлээлт үүсгэсэн олон асуудал бий. Түүний дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн Монголдоо газрын тосны үйлдвэртэй болох асуудлыг хүн бүр сайтар ажиглаж буй.
Анх нефтийн үйлдвэртэй болох сэдлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат бидэнд өгч байсан.Тэрбээр Тамсаг газрын тос гарган авлаа хэмээхэд газар дээр очин хар алт хараад омогшин хөөрч дэгжин цайвар дээлийнхээ энгэрийг мялаан нүүр дүүрэн инээж байсан зураг нэгэнт түүх болон үлдсэн. Энэ цагаас хойш монголчууд өөрсдөө газрын тос олборлон дотооддоо шатахуун үйлдвэрлэх хүсэл мөрөөдөл нь 20 гаруй жил болжээ.
Харин өнөөх Тамсагийн нефть маань дотооддоо боловсруулах бус урд хөрш рүү гарсаар байгаа нь бодит үнэн юм. 2012 онд уул уурхайн хамгийн их хэрэглээтэй үед Монгол Улс жилд 1.200.000 тонн газрын тос “залгисан” дүн бий. Одоогоор эл дүн нэг сая тоннд хүрэхгүй байгаа ч цаашид нэмэгдэх төлөвтэй. Тэгвэл боловсруулах үйлдвэрт шаардагдах түүхий тос хангалттай тул дотоодын эрэлтийг бүрэн хангана гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна.
Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улс хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон юм.
Ийнхүү өнгөрсөн сарын эхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид Энэтхэг улсад ажиллаж, тус улсынГадаад хэргийн яам, “Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалт хийжээ.
Уулзалтаар газрын тосны салбарт олон жил амжилттай ажиллаж томхон үйлдвэрүүдийг барьж байгуулсан туршлагатай “Инженерс Индиа Лимитэд” компани Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барьж байгуулах төслийн нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг 2018 оны хоёрдугаар сард хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж буйгаа танилцуулсан.
Ямартаа ч Энэтхэгийн талд төслөө хүргэсэн байна. Харин хоёрдугаар сард тэд уг төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхээ хариу өгөх гэнэ.
Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборт барьж байгуулах энэ үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн 1.5 сая тонн“Евро-V” стандартын бензин, дизель түлш жилдээ үйлдвэрлэх бөгөөд дагалдах 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж 600 гаруй ажлын байр бий болох аж.
Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Энэ төслийг 2020 онд дуусгах бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн олон эерэг үзүүлэлтүүд бидэнд ирнэ.
Одоогоор хөрш орнуудын бензин шатахуунаас хамааралтай манай улс газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл хурдан л биелээсэй билээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ