Бондоос өгөөж хүртсэн байгууллагуудаас үр ашгийг нэхэе!
Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг 4.1 хувийн хүүтэйгээр босгосноос хойш зургаан жилийн дараа уг зээлийн эхний ээлжийн 500 сая ам.долларыг энэ оны эхэнд хөрөнгө оруулагчдад шилжүүлсэн. Бонд буюу үнэт цаасаар баталгаажуулсан уг зээлийн дараагийн эргэн төлөлт 2022 онд хийгдэх нөхцөлтэй юм.
Энэ удаагийн 500 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг 5.625 хувийн хүүтэйгээр өнгөрсөн зун арилжаалсан “Гэрэгэ” бондын эх үүсвэрээр барагдуулсан. Дашрамд дурдахад уг бондоос нийт 800 сая ам.долларыг босгожээ. Аливаа үйл явдлыг шүүмжлэл, магтаал зэрэг дагалддаг жишгээр энэ удаад “Өмнөх зээлээ илүү өндөр хүүтэй зээлээр төллөө” гэх сэтгэгдэл хүн бүрт төрж байв.
Бонд гэдэг санхүүгийн бүтээгдэхүүн нь манай улсын хувьд 2012 оны эдийн засгийн сэргэлтийг даган эдийн засагт орж ирсэн шинэ үзэгдэл болохоос биш олон улсын зах зээлд бол хөрөнгө босгох энгийн арга хэрэгсэл юм. Үнэт цаасаар баталгаажуулсан уг зээл нь арилжааны зээлийг бодоход урт хугацаатай учраас эдийн засгийн өсөлт дагасан эргэн төлөлтийн хуваарийг төлөвлөх боломж өгдөг.
Тэр тусмаа дараагийн бондоор солих, нөхцөлөө дахин тохирох, эсвэл өөр бондыг босгох замаар эргэн төлөх зэрэг хөрвөх нөхцөлийг олгодгоороо онцлог. Банкны зээлийг бол эргэн төлж барагдуулсны дараа л дараагийн зээлийг авах ёстой байдаг бол бондын нэг давуу тал нь энэ юм. Бонд гаргаж байгаа тал ч, бондыг худалдан авч байгаа хөрөнгө оруулагчид ч энэ бололцоог тооцоолдог. Нэг үгээр бол Засгийн газар өмнөх бондоо өөр бонд гаргах замаар төлж байгаа нь энгийн нэг санхүүгийн арга хэрэгсэл юм. Мэдээж өмнөхөөсөө бага хүүтэй эх үүсвэрээр төлж байвал сайн гэдэгтэй харин маргах аргагүй.
“Өрийг өрөөр дарлаа” гэх олон нийтийн шүүмжлэл үндэслэлтэй ч эдийн засгийн нөхцөл, зээлжих зэрэглэл сайжирвал илүү хямд эх үүсвэр татах бололцоо бий. Энэ нь улс төрийн тогтвортой байдлаас хамаардаг. Мөн хамгийн гол нь “Чингис” бондын санхүүжилтээр зээл авсан аж ахуйн нэгжүүдээсээ үр ашиг, хариуцлага нэхэж, зээлийн эргэн төлөлтийг нь хянах шаардлагатайг сануулмаар байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ