ББСБ-тай холбоотой 34 өргөдөл, гомдол иржээ
Санхүүгийн зохицуулах хороонд 2017 онд иргэд, үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагч нараас нийт 267 өргөдөл, гомдол ирүүлжээ. Эдгээрийн дийлэнх нь буюу 54 хувь нь даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаатай холбоотой байлаа. Үүнд даатгалын компани нөхөн төлбөр олгохоос үндэслэлтэй татгалзсан тохиолдлын тоо нийт өргөдлийн 60 гаруй хувийг эзэлж байна.
Жолоочийн хариуцлагын албан журмын, тээврийн хэрэгслийн, орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн болон бусад төрлийн даатгалын тохиолдлуудад хамаарах 141 өргөдөл, гомдлыг хянан үзсэний үндсэн дээр даатгагчаас даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 729.1 сая төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн давхар даатгагчаас нийт 1,849.3 сая төгрөгийг олгуулжээ.
Үнэт цаасны зах зээлтэй холбоотой өргөдөл, гомдол нийт өргөдлийн 26 хувийг эзэлж байна. Тэдгээрийн дийлэнх нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийгдсэн арилжаатай холбоотой гомдлууд байгаа юм. Эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүй дур мэдэн үнэт цаас арилжаалсан үйлдлийг Хорооноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 17 брокер, дилерийн компани хийснийг тогтоогоод байна. Нийт 17 хувьцаа эзэмшигчийн үнэт цаасыг зөвшөөрөлгүй арилжаалсныг хянан шалгаж, гурван иргэний хохирлыг барагдуулаад байна. Түүнчлэн нэг иргэний 4 ширхэг хувьцааг буцаан байршуулах, нэг иргэний 2006 оноос хойшхи ногдол ашгийг нөхөн олгуулах, 11 иргэний хохирлыг барагдуулах шийдвэр гаргууллаа.
Банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой нийт 34 өргөдөл, гомдол ирсний ихэнхийг зээлийн хүү, алданги буруу тооцсон, барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй, зээлийн гэрээг тухайн ББСБ өөртөө давуу эрх олгох байдлаар байгуулсан, Зээлийн мэдээллийн санд шинэчлээгүйгээс зээлийн ангилалд сөргөөр нөлөөлсөн зэрэг гомдлууд эзэлжээ. Хадгаламж, зээлийн хоршоодод холбогдуулсан 19 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн болон гишүүдийн гэрээний маргаан ижил хэмжээтэй байв. Өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж, үүрэг даалгавар, чиглэл болон мэдэгдлийг өгч ажиллав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ