ХЗХ-дод тусгай зөвшөөрөл олгож, сунгалаа

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, шинээр байгуулагдаж байгаа ХЗХ-дод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, мөн зарим хоршоодын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж буйг сунгах асуудлуудыг хэлэлцлээ. Нийт 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэсний долоо нь шинээр тусгай зөвшөөрөл олгох асуудал байсан бөгөөд 20-26 гишүүнтэйгээр байгуулагдаж буй эдгээр ХЗХ-дын дөрөв нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор, Говь-Алтай, Төв аймгийн Богд, Баян-Уул, Дэлгэр, Өндөрширээ сумдад ажиллах юм.

ХЗХ нь гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг удирдан, тэдний санхүүгийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тусгай зөвшөөрлийг гурав хүртэл жилийн хугацаагаар олгодгоороо онцлогтой. Энэхүү өвөрмөц салбар санхүүгийн хүртээмжийг тэлэх, ялангуяа тархмал суурьшилтай хөдөө, орон нутгийн иргэд, малчдад санхүүгийн үйлчилгээг хүргэхэд зохион байгуулалт болон удирдлага, менежментийн хувьд илүү тохиромжтой юм. Хэдийгээр ХЗХ иргэдийн эвлэлдэн нэгдэх санаачилга, хөрөнгийн эх үүсвэрийн хоршил дээр тогтдог ч гэлээ удирдлага болон байнгын гүйцэтгэл нь мэргэжлийн байх шаардлагыг Хорооноос тавьж байна.

Мөн Хорооны хуралдаанаар 12 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус гурван жилээр сургалаа. Тусгай зөвшөөрлийн хугацааг өмнө явуулсан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа болон санхүүгийн зохистой харьцаа, хууль тогтоомж, журам зааврыг хэрэгжүүлсэн байдал, тайлагнал, ашигт ажиллагаа, хяналт шалгалтын үнэлгээ, эрсдэлийн үзүүлэлтүүдийг нягтлан үзэж, хангалттай гэж үзсэн тохиолдолд сунгадаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ